Л.Энх-Амгалан: Бүх шатны боловсролын байгууллагуудын газрыг хууль бусаар худалдсан, эрх шилжүүлсэн асуудлыг шалгуулна
2022.11.10
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Бүх шатны боловсролын байгууллагуудын газрыг хууль бусаар худалдсан, эрх шилжүүлсэн асуудлыг шалгуулна

Миний бие Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/39 дүгээр тушаалаар ажлын хэсгийг байгуулж, төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн бүх шатны боловсролын сургалтын байгууллага, шинжлэх ухааны байгууллагуудын газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийж /2022-11-10/-ний өдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Салбарын хэмжээнд бүртгэлтэй байсан газраас 2015 оноос хойшхи хугацаанд нийт 45.4 га газар хасагдсан. Ерөнхий боловсролын 49 байгууллагын 9.6 га, сургуулийн өмнөх боловсролын 33 байгууллагын 5.5 га, дээд боловсролын 3 байгууллагын 0.09 га, шинжлэх ухааны 4 байгууллагын 30.2 га газар тус тус хасагдсан байна.

Газар хасагдсан үндсэн шалтгааныг судалж үзэхэд, төрийн өмчийн байгууллагад балансаас балансад шилжүүлсэн 33.1 га, газрын хэмжилтийн алдааг залруулсан 0.6 га, иргэн, төрийн бус өмчийн хуулийн этгээдэд шилжүүлсэн 4.0 га газар байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгийн 2.2 га 12 газар, их дээд сургуулийн 1.8 га 8 газрын газар эзэмших эрхийг иргэн, хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр тус тус шилжүүлсэн байна.
Эдгээр газруудаас 6 нь сургуулийн захирал, түүний эхнэр, жолоочийн нэр дээр, 8 газар багш ажилчдад зориулж бариулсан орон сууцны СӨХ-ны нэр дээр, 6 газар хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр тус тус шилжжээ.

ЕБС-ын сургуулиудын биеийн тамирын талбайн 70-80 хувь нь хууль бусаар хувийн компанийн нэр дээр шилжсэн. Бүр гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр бүртгэлтэй сургуулийн газар хүртэл байна. Эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй боловч хувийн өмчийн этгээд барилга байшин, автомашины гараж барьсан газруудыг чөлөөлөх ёстой.

Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын өмчийн газраас иргэн, хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцлах, газрын үнийг буцаан төлүүлэх, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

Газар эзэмших эрх нь шилжээгүй боловч төрийн болон орон нутгийн өмчийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан барилга, гараж, спорт заал зэрэг хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, газрыг чөлөөлөх арга хэмжээ авна.

Төсөв захирагч нарын 10 орчим хувь нь газар эзэмших, ашиглах эрхээ дахин үнэлгээ хийлгээгүй. Энэ дагуу Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг авахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь зөв гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ