Дархадын Цэнхэр хотгорын 270 гаруй нууруудыг тэжээдэг ширгэж, цойцон нуурыг эргэн сэргээв
2022.10.31
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дархадын Цэнхэр хотгорын 270 гаруй нууруудыг тэжээдэг ширгэж, цойцон нуурыг эргэн сэргээв

Миний бие 2013 онд Ренчинлхүмбэ суманд ажиллаж байхдаа Дархадын хотгорын 100 орчим гол, нуурын ай сав бүхий чийглэг хангайд том хэмжээний элсэн толгод байхыг хараад маш их гайхаж билээ.

Тухайн үед Хангайд ургасан элс нэртэй богино хэмжээний баримтат кино хийж УИХ-ын Хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны хурал дээр гишүүдэд үзүүлж, анхны судалгааны санхүүжилтийн эх тавигдсан. Тухайн үеийн салбарын яамнаас судалгаанд 10 сая төгрөг олгож байлаа.

1960-аад оны сүүлээр их хэмжээний үер болж Цойцон нуурыг тэжээдэг голын гольдирол өөрчлөгдсөнөөс шалтгаалан нуур ширгэжээ. Соц нийгмийн үед Оросын эрдэмтэд эргэн сэргэх 70 хувийн боломжтой гэсэн дүгнэлт гаргаж байсан гэдэг.

Өнгөрсөн 2021 оны 6 дугаар сард Газар зүй гео экологийн хүрээлэнд ажиллах үеэр нуур сэргээх боломж, шийдлүүдийг манай эрдэмтэд бүрэн гаргачих туршлагатай гэдгийг сонссон. Нэг ёсондоо Цойцон нуурыг сэргээчих юмсан гэдэг олон жилийн итгэл үнэмшил маань илүү баталгаажсан л даа.

Надтай хамт итгэл үнэмшилтэй байсан хүн бол Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг дарга асан Н.Батсуурь гуай. Бид 2 мөн ч олон удаа Цойцон нуурын ширгэсэн хөрсөн дээр зогсож, олон ч удаа мөрөөдлөө ярилцаж, цөлжилтийн хурд, ургамлын бүтцэд өөрчлөлт орж байгаа бодит дүр зураг, ирээдүйд усаар дүүрч буй нуурын талаар төсөөлж ярилцсан. Н.Батсуурь дарга ч хотод ирэх бүрдээ усны салбарын эрдэмтэн мэргэд, хүрээлэн, яам гээд яваагүй газар үгүй.

Зарим хүмүүс аль 50 жилийн тэртээ ширгэсэн нуурыг сэргээнэ гэдэг үлгэр гэдэг зүйлийг олон удаа хэлсэн. Гэхдээ шинжлэх ухааны судалгаа хэзээ ч хуучирдаггүй, үнэ цэнээ алддаггүй гэдгийг баталж чадлаа. Бас зорьсон зорилгоосоо ухралгүй, итгэл үнэмшлээ алдахгүй байхын сайхныг мэдэрч байна. Бас баярлаж байна.

Ингээд 2013 онд хэрэгжүүлсэн анхны төслөө үргэлжлүүлж "Дархадын хотгорын цөлжилтийг багасгах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх"-д зориулан 800 сая төгрөгийг 2021 оны Улсын төсөвт тусгуулж гүйцэтгэгчээр Газарзүй гео Экологийн хүрээлэн, “ПРЕСТИЖ ИНЖЕНЕРИНГ” ХХК шалгарч ажлаа эхлүүлж энэ зун ажлынхаа 90 гаран хувийг амжилттай гүйцэтгэж, өнгөрсөн 8 дугаар сараас Цойцон нуурын ай сав усаар тэжээгдэж эхэллээ гэдэг сайхан мэдээ ирсэн.

Үнэхээр нуур загастай болж, ойр орчмын байгаль дахин сэргэж, ургамлын бүтэц сайжирч, элсний нүүдэл зогсож, нутгийн бэлчээр сайжирч нутгийн малчдын магнай тэнийнэ гэж бодохоор цаанаасаа л сэтгэл өег сайхан байна.

Гол нь энэ төсөл амжилттай хэрэгжиж цэнгэг усны эх болсон Хөвсгөл далайгаа тэжээн тэтгэх хамгийн том эх үүсвэр болсон Дархадын хотгорын газрын гүний цэвэр усны нөөц, цэвдэгшил, нуур орчмын байгаль экологи дахин сэргэх сайхан боломж бүрдэж байгаа. Ирэх хавар хурдан болоосой. Очиж үзэхийн хүслэн л байна даа.

Гүйцэтгэгч Газарзүй, гео экологийн хүрээлэн, Престиж Инженеринг компанийн хамт олон, Ренчинлхүмбэ сумын иргэд, үе үеийн сумын удирдлага, эрхэм Н.Батсуурь нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цойцон нуурын ус дүүрэхэд дархадын хотгорт буян хурдаг хэмээх зон олны үг өнөд орших болтугай.

ШИНЭ МЭДЭЭ