Хүүхдүүдээ түрүүлж буруутгахгүй байя, хүүхдүүдээ түрүүлж ойлгодог гэр бүл болцгооё
2022.10.31
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хүүхдүүдээ түрүүлж буруутгахгүй байя, хүүхдүүдээ түрүүлж ойлгодог гэр бүл болцгооё

Гэр бүлээрээ сайхан амарч байна уу. Гадаа цас орж байна. Хүүхдүүдийн зурсан зургийг нэг бүрчлэн үзлээ.

Миний хувьд сэтгэл судлаач биш. Боловсролын чиглэлээр ямар нэгэн зэрэг цол байхгүй хүн л дээ. Гэхдээ энэ салбарыг удирдах үүрэг хүлээж байгаагийн хувьд багш, хүүхдүүдээ ойлгож байж ирээдүйг бид зөв чиглүүлнэ, зөв бодлого гаргана гэж боддог. Дээрэлхэлт гэдэг үг шууд утга илэрхийлж байгаа ч дотроо ямар олон салаалсан байдаг юм бэ.

Тэгээд бүгд л жижиг гэлтгүй хүүхдүүдийн сэтгэлийг шархлуулж, гомдол, уйтгар гуниг бяцхан зүрх бүрд авчирч байна. Туслах учиртай хамгийн ойрын хүмүүс нь гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч та бид. Хүүхдүүдээсээ юм асуулаа, 2 дахиа асуулаа. Хүүхэд хариулахгүй бол та яах вэ. Шууд уурлаж, бухимдаж чихгүй толгой, чи ямар том болчихов, чамайг юугаар ч дутаахгүй өсгөсний хариу энэ үү, муу найзуудаасаа холд, найзуудаасаа л болж ийм хөлдүү болчихлоо...ихэнх нь яагаад хариулаагүй юм бол, яагаад анхаарал нь өөр зүгт байгаа юм бол гэж учир шалтгааныг нь ололгүй шууд буруутгадаг. Уур, бухимдал бол асуудлыг шийдэх зөв гарц биш.

Хүүхдүүд ээ ойлгох, ярилцах нь бидний хувьд маш өөр орон зай, маш өөр сэтгэхүйн, танин мэдэхүйн орчин болсон. Үүний эхлэл нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, томчууд бидний харилцаа, хандлага, зөв үлгэрлэл хүүхдүүдээ ойлгох, хүүхдүүддээ туслах тэр хаалганы түлхүүр байх учиртай юм байна гэж энэ зургуудыг хараад бодогдсон. Та ч бас энэ зургуудыг анхааралтай үзээрэй.
Зургаар хэлсэн үг гэж бодоод анхааралтай ажиглаарай. Дээрэлхдэг биш дэмждэг найз байя. Энэхүү аяныг сургууль бүрд зохион байгуулна. Хүүхэд бүрийг оролцоог хангаж, анги дотроо болж буй дээрэлхэлтэй холбоотой асуудлыг хамтдаа ярилцан шийдвэрлэхээр уриалж байгаа багш, сурагчдадаа амжилт хүсье. Гэр бүлээрээ амралтын өдрийг халуун дулаан хайр бэлэглэж, харилцан ярилцаж өнгөрүүлээрэй.

ШИНЭ МЭДЭЭ