Т.Ням-Очир: Эхний ээлжид 3-5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар ажиллана
2022.08.09
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Т.Ням-Очир: Эхний ээлжид 3-5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар ажиллана

Боловсрол, Шинжлэх Ухааны яамнаас цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Энэ хичээлийн жилийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн хүсэлтийг маргааш албан ёсоор И-Монголиа системээр хүлээж авна.

Бүртгэлийн мэдээлэл ойлгомжтой, хаягжилт тодорхой байх нь нэн тэргүүний ажил учраас системийг цэгцэлсэн.

Эхний ээлжид 3-5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах бодлогыг есдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэрлэхийг хичээнэ. Тодруулбал, насны хязгаарыг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хүүхдүүдийг бүртгэнэ.

Цэцэрлэгийн бүртгэл хийлгэхдээ иргэд амьдарч байгаа хаягаа баталгаажуулах шаардлагыг тавина. Энд түр оршин суугчийн асуудал ч байгаа. Хэрэгцээ шаардлагынхаа үүднээс харьяаллын бус газарт оршин сууж байгаа тохиолдолд түр оршин суугчийн баталгаажуулалт хийлгэсэн байх хэрэгтэй. Жишээ нь, тухайн цэцэрлэг 300 хүүхдийн хүчин чадалтай байгаад хамран сургах тойргийн хүүхдийг аваад нэмэлтээр 20 хүүхэд авсан байвал түр оршин суугч мөн эсэх баталгаажуулалтыг хийнэ. Тиймээс ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байдлаар систем өөрөө зохицуулалтыг хийх юм. 

Нийслэлд байгаа 141,000 хүүхэд өөрийн регистрээр системд орох учраас хий бүртгэл, худал тоо бөглөх тохиолдол гаргахгүй байхаар зохицуулалт хийсэн" хэмээн хэлэв.

ШИНЭ МЭДЭЭ