МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Лүнд-Очирын Содномдорж энэ жил гэр бүлийн хамтаар Монгол Улсын аварга малчин цол хүртлээ
2022.03.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Лүнд-Очирын Содномдорж энэ жил гэр бүлийн хамтаар Монгол Улсын аварга малчин цол хүртлээ

Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн малчин Лүнд-Очирын Содномдорж энэ жил гэр бүлийн хамтаар Монгол Улсын аварга малчин цол хүртснээр тус багаас 33 жил тасалдаад байсан аваргын буухиаг үргэлжлүүллээ. Удамт малчин залуу хосуудад Монгол Улсын аварга малчны цол тэмдэг, Засгийн газрын өргөмжлөл, цомыг тус аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн болон аймгийн Засаг дарга М.Батжаргал нар гардуулж, баяр хүргэлээ.

Аварга Содномдоржийн аав, “Жаргалант амьдрал” нэгдлийн малчин В.Лүнд-Очир гуай 1989 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, малчин Дамдингийн Дэмбэрэл БНМАУ-ын аварга мал цол хүртснээс хойш Хоолт багаас ийм цолтон төрөөгүй байсан гэж сум нутгийн удирдлагууд нь танилцуулж, бахархаж байлаа.

Аав, ээжээс тасалж өгсөн цөөн малаа өсгөсөөр 1300-1400 хүргэж, 2017 онд аймгийн аварга малчин, энэ жил Улсын аварга малчин болж буй Л.Содномдорж “Өглөө эрт босож бай, малчин хүний ажил дуусдаггүй юм гэж аав минь хэлдэг байсан. Үнэхээр ч эрт босож, орой унтахгүйгээр мал маллаж, амжилтад хүрэхийн аргагүй юм байна” хэмээн ярьж байлаа. Л.Содномдорж 2003 онд гэргий Мэндбаярын Хонгорзултайгаа ханилж, айл болон амьдарч байна. Нутаг усандаа сүү, саалиараа алдартай залуу аваргынх үнээ болон нарийн малаа сааж, сүү саалиа орон нутгийн зах зээлд борлуулдаг байна. “Залуус заавал хот сууринг зорихгүйгээр сайхан амьдрах боломж манай хөдөөд байна.

Хавар анхны төлөө хүлээж авах нь малчин хүний жаргалтай өдрүүдийн нэг дээ” хэмээн М.Хонгорзул аварга ярив. Тэднийх сүүлийн жилүүдэд нутаг орныхоо 5 айлыг малжуулж, амьдрал ахуйд нь нэмэр тус болжээ

ШИНЭ МЭДЭЭ