Л.Энх-Амгалан: Ажил үйлсээрээ манлайлсан улсын аваргууддаа баяр хүргэе
2022.02.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Ажил үйлсээрээ манлайлсан улсын аваргууддаа баяр хүргэе

17 дугаар жарны Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын аварга малчин, аварга саальчин, аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан хүмүүст шагналыг гардууллаа.

Нарийн ноолуурт эрчмийн хар ямааны цөм сүргийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн малчин Лунхайн Тэгшбаяр, гэр бүлийн хүн Чимэдбазарийн Чимгээ, Мал маллагааны арга туршлагаараа нутгийн олноо манлайлж, Цагаан-Уул үүлдрийн хонин сүргийг олон жил өсгөн үржүүлж, ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн малчин Банзайн Цэнд-Аюуш, Мал маллагааны арга туршлагаараа нутгийн олноо манлайлж, мал сүргээ олон жил тогтмол өсгөсөн Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн малчин Ганжуурын Өлзийбаяр, гэр бүлийн хүн Чимэдцэрэнгийн Цэцэгмаа нар Улсын Аварга Малчин боллоо.

Нүүдлийн мал аж ахуйгаа хөгжүүлж, сүү цагаан идээгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн боловсруулж, жил бүр арвин их сүү сааль авч нутгийн малчдаа манлайлсан Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн саальчин Чүлтэмийн Дарьсүрэн, гэр бүлийн хүн Жигмэднамжилийн Ванданмагсар нар Улсын Аварга Саальчин болсон бол иргэдээ нутгийн хөрсөнд ургасан чанартай төмс, хүнсний ногоогоор тогтмол хангаж, өрхийн тариалангийн салбарт 20 гаран жил амжилттай ажилласан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ногоочин Жамсрангийн Болдбаатар, гэр бүлийн хүн Дашпэлжээгийн Цэрмаа нар Улсын Аварга Тариаланчаар тодорлоо.

Газар тариалангийн салбарт олон жил тогтмол амжилт гаргаж, нэг га-гаас авах ургацынхаа хэмжээг нэмэгдүүлж, эх орны хүнсний бүтээгдэхүүний салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөх бүрд” ХХК-ийн хамт олон Улсын Аварга Тариаланч хамт олноор, мал маллагааны арга туршлагаараа нутгийн олноо манлайлж, мал сүргээ олон жил тогтмол өсгөхдөө адуун сүргийнхээ чанарыг сайжруулж, жил бүр төл бүрэн авч, ажил үйлсээрээ тэргүүлсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн малчин Намсрайн Галсанжамц, гэр бүлийн хүн Лхагважав нар Алтан төлийн эзнээр тус тус тодорчээ.  

ШИНЭ МЭДЭЭ