Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй... “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлт боллоо
2021.12.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй... “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлт боллоо

Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлах зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2021.12.23) боллоо.

Монгол Улсын бүх хүн амд чиглүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх тус хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран ажиллаж байна.

Төрийн ордонд болсон тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, иргэний боловсролын чиглэлийн төрийн бус байгууллагуудын болон “Парламентын боловсрол” гарын авлага номын агуулгын зөвлөх, редактороор ажилласан хүндэт зочдын төлөөлөл, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд оролцов.

Хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимаас онлайнаар үг хэлэв.

-Энэ хөтөлбөр бол 2019 онд баталсан Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний нэг үндсэн зорилт юм. Мөн 2019 оноос эхэлсэн Парламентын шинэчлэлийн нэг чиглэл билээ. Бид Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д заасан “ард түмэн засаглах” эрхийг хангахыг зорьж байна. Энэ хүрээнд хүүхэд залуустаа Улсын Их Хурал гэж ямар байгууллага вэ, хуулийг хэрхэн тогтоодог юм, иргэд, хүүхдүүд ямар эрх, үүрэгтэй вэ, парламентад өөрийн дуу хоолойгоо хүргэж, санал бодлоо илэрхийлэхийн тулд яах ёстой вэ зэрэг мэдлэгийг олгохыг бид хүсэж байгаа юм. Улмаар хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад хүүхэд багачуудынхаа, нийт иргэдийнхээ оролцоог хангахыг чухалчилж байна. Хүүхэд залуус бол Монголын маргаашийг авч явах ирээдүй нь. Тиймээс одооноос төрийн хэрэгт оролцох, төр засгийг удирдах, нийгэм, хамт олноо манлайлах үйл хэрэгт суралцах нь чухал юм. Үүнд “Парламентын боловсрол” хөтөлбөр тусална… Хөтөлбөрийн хүрээнд парламентын боловсрол олгох сургалт явуулна. Парламентын боловсролын веб сайт ажиллуулна. Парламентын сургалтын танхим байгуулна. Ард иргэд, хүүхэд залуустаа Монголын парламент нээлттэй байна. Улсын Их хурал дээр ирээд сургалтад хамрагдах, санал бодлоо шууд, чөлөөтэй солилцох нь илүү үр дүнтэй гэж бид бодож байгаа юм…

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлтийн илтгэлийг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан танилцуулав.

-Парламентын боловсрол гэж юу вэ. Энэ бол амьдран буй нийгмийнхээ мэдээлэлтэй, оролцоотой, идэвхтэй иргэн байхыг заасан цагаан толгой юм. Энэ тодорхойлолт хэт албархуу санагдаж мэдэх ч угтаа биднийг төлөөлөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас эхлээд улс орны хөгжил дэвшил, ирээдүй, сайн засаглал, сонгодог ардчилалд хамаарах амин чухал ойлголт болдог. Улс төр, сонгууль гэдэг ойлгохын эцэсгүй ээдрээтэй зүйл биш, харин ч таны заавал оролцох ёстой, улс нийтээрээ нэгэн зүгт тэмүүлэх бодит алхам гарцаагүй мөн гэдгийг “Парламентын боловсрол” хөтөлбөр ойлгуулна. Энэхүү хөтөлбөр иргэдийг парламентын засаглалын үйл явцад мэдлэгтэйгээр оролцох боломжийг бүрдүүлэх үндэс суурь болно. ...Парламентат ёсны түүх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой нийтлэг мэдлэгийг олон нийтэд системтэйгээр олгож, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох мэдлэг, чадвартай, эрмэлзэл тэмүүлэлтэй иргэдийг төлөвшүүлэх нь бидний зорилго...

...Манай улсад парламент гэх үгийн утгыг олон нийт төдийлөн сайн мэддэггүй. Энэ үг нь монгол ардын ухаанд эртнээс уламжлагдсан “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэсэн утгатай дүйж байгаа юм...

Хөтөлбөрийн нээлтэд Швейцарын Хамтын ажиллагааны газрын дарга, доктор, хүндэт зочин Стефани Бурри үг хэлэв.

-Энэхүү хөтөлбөрийг нээлцэж байгаадаа баяртай байна, миний хувьд нэр төрийн хэрэг. Швейцарийн хөгжлийн агентлагийн зүгээс Төлөөллийн байгууллагыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнийхээ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газартай Монгол дахь парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор хамтарч ажилладаг. “Парламентын боловсрол” хөтөлбөрийг боловсруулахаар санаачлан ажиллаж байгааг сонсоод маш их баярласан. Монголын парламент үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хэрхэн хангах вэ гэдэг чиглэлээр маш их санаачилгатай ажиллах хүсэл зорилготой нь харагддаг. Бид хамтарч энэ хөтөлбөрийг боловсруулахад маш шаргуу ажилласан. Ингэж ажиллахдаа хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн дээд хэмжээнд байлгах вэ гэдэг өнцгөөс бүх зүйлийг хийсэн...

Энэхүү хөтөлбөр дан ганц парламентын үйл ажиллагааны чиглэлээр боловсрол олгохоос гадна давхар Монголын парламентын ардчиллыг бэхжүүлэх ач холбогдолтой...

Нээлтэд оролцсон сурагчдыг төлөөлж Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Нандин-Эрдэнэ үг хэлэв.

-Хамгийн анх “Өсвөрийн парламент” хөтөлбөрт материалаа явуулахаар эсээ, илтгэлээ бэлтгэж байхдаа маш их хүлээлттэй байсан. Тэнцчихвэл би яг юу болох бол, яах бол гээд л... Шалгарсныхаа дараа миний хүлээлтийг хэдэн зуу дахин давсан гайхалтай зүйл болохыг ойлгосон. “Өсвөрийн парламент”-ын нэг гишүүн нь болж, цуврал сургалтуудад хамрагдсандаа маш их баяртай байгаа. Энэ талаар мэддэггүй байхдаа би парламент гэдэг томчуудын хийх ажил, томчууд л мэдээд хийдэг байх гэж боддог байсан бол одоо парламентын суурь нь бид нар юм байна, сурагчид юм байна, ганцхан томчуудын хийх ёстой зүйл биш юм байна гэдгийг ойлгосон. Хууль хэрхэн бүтдэг вэ гэх зэрэг мэдлэгийг хүүхдүүд багаасаа мэдэж авах ёстой гэдгийг хамгийн сайн ойлгож авсан учир хүүхдүүдэд энэ хөтөлбөрт хамрагдахыг уриалж байна. ...Хүүхдүүдийн парламентын боловсролд зориулж нас насанд нь тохирсон гарын авлага, сурах бичигтэй болсонд маш их баяртай байгаа. Нийт сурагчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье.

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням “Парламентын боловсрол ба сайн жишиг сэдвээр” санал бодлоо хуваалцав.

-Улсын Их Хурлаар Боловсролын багц хуулийг ид хэлэлцүүлэгт бэлтгэн ажиллаж буй үед хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнд баяртай байна. Багц хуулийн төслийг хэлэлцэж буй гол онцлог нь сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсрол гээд боловсролын бүхий л шатны талаар нэгэн зэрэг авч хэлэлцэж буй явдал... Энэ цаг үед бусдыг хүндэлдэг, багаар ажилладаг, хамтаар шийдвэр гаргадаг, нинжин сэтгэлтэй, өөрийгөө олж авсан, бусдад тустай, нийгэмд идэвхтэй оролцож, өөрчлөлт, шинэчлэлтийн хэсэг байж чаддаг шинэ залуу үеийг дэлхий нийт хүлээж, хүсэж байна...

Багаар ажиллах, өөр үзэл байдгийг сонсож, хүлээн зөвшөөрч сурах, зөрчилдөх, үзэл бодлын мэтгэлцээн хийх, дундын шийдлийг олох, олон нийтийн төлөө шийдвэр гаргах гээд их олон зүйлийг “Парламентын боловсрол” хөтөлбөрөөс хүүхэд залуус маань олж авна гэдэгт итгэлтэй байна...

Жүжигчин О.Дөлгөөн нээлтэд оролцож, идэвхтэй иргэн байх талаар санал бодлоо хуваалцлаа.

-Энэхүү арга хэмжээнд намайг урьсанд маш их баярлалаа. Нэгэн сонирхолтой судалгааг сая илтгэлээс сонслоо. Юу гэхээр Монгол Улсын маань гурван хүн тутмын нэгийг 30 хүртэлх насны залуучууд эзэлдэг юм байна. Манай улсыг залуучуудын орон гэж хэлж болохуйц энэ тоог сонсоод улсын маань хөгжилд залуучууд бидний үүрэг, оролцоо маш чухал байх болно гэж бодож суулаа. Миний ажиллаж, амьдардаг орчин улс төрөөс хэдий хол ч би хувьдаа сонгуульдаа маш идэвхтэй оролцдог. Өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчдөө маш зөв сонгох нь биднээс хамаарах бас нэгэн чухал зүйл болов уу гэж бодож байна...

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлэв.

-Парламентын боловсролын талаар мэдлэг, мэдээллийг иргэддэ олгоё гэсэн үйл ажиллагааг Улсын Их Хурлын дарга санаачилж, 2019 оноос эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүрэхэд маш тодорхой үр дүнд хүрч буйд баяртай байна. Цаашдаа хөтөлбөр цөөхөн хүүхдийн хүрээнд бус 6 дугаар ангиас дээш бүх хүүхдэд ямар нэг байдлаар хүрч, парламентын боловсрол гэдэг энэ үг бүх хүүхдийн зүрх, тархинд мэдлэг болж түгээсэй. Үүний үрийг тарьж, бусдадаа түгээх ментор сурагч болж буй “Өсвөрийн парламент” –ын хүүхдүүдэд амжилт хүсье.

Нээлтэд оролцсон хүндэт зочид сэтгэгдлээ хэлэв. Монгол Улсын Ардын багш С.Дулам:

-Парламент гэдэг энэ гадаад үгийн талаар заримдаа би боддог юм. Энэ үгийн гарал нь франц хэлний парле буюу монголоор махчлаад хэлэх юм бол “хэлэлцвэл хэлэлцье, ярилцчихвал ч нэг ярилцчихъя” гэсэн утгатай үг шиг санагддаг юм. Иймэрхүү утгатай “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг зүйр цэцэн үг ч бий. Энэ үг ерөөсөө л парламент гэсэн үг шүү дээ. Зөв, буруу хоёроо хэн хүнгүй ярилцаж, хэлэлцээд зөв сайхан шийдвэр гаргахыг хэлж байна...

...Сая энд үг хэлсэн Нандин-Эрдэнэ сурагчийг хараад хүүхдүүд маань олон хүний өмнө бодол санаагаа илтгэж ярих чадвартай болж байна гэж баярлаж суулаа. Энэ бол хүүхэд, залуусын маань парламентын боловсрол цаашдаа улам ахина л гэсэн үг. Энэ үйл хэргийг санаачилсан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хэрэгжүүлж буй Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, энд оролцсон бүх хүмүүст гүнээ талархаад өсвөрийн парламентчид та бүхэн Монгол орныхоо ирээдүйг улам гэрэлтүүлэхийн төлөө хичээн зүтгэх болтугай гэж ерөөе.

Нээлтэд оролцсон хүндэт зочид сэтгэгдлээ хэлэв. Монгол Улсын Ардын багш Г.Лхаахүү:

-Хүн ерөөсөө өөрийнхөө яг дэргэд байгаа юмыг ойлгодоггүй, бүр холуур л хараад байдаг. Парламентын боловсрол гэдэг ерөөсөө чиний дэргэд байгаа юм. Парламент гэхээр ямар айхтар үг юм, юу гэж байгаа юм бол гэж бодоод байх ер хэрэггүй... Парламент гэдгийг хүн өөрөө төлөвших, өрөөл бусдыгаа төлөвшүүлэх, төрийг төлөвшүүлэх, төрдөө захирагдах энэ бүгдийг хувь хүний маш хүчтэй хариуцлага гэж ойлгоё. ... Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг үг ”Парламентын боловсрол” цуврал номын хамгийн гол, толгой үг болон бичигдэж. Энэ бол аав ээжтэйгээ, найз нөхөдтэйгээ, нийгэм олон нийттэй хэлэлцэж, хариуцлагатай байна гэсэн утгын илэрхийлэл. Энэ бол парламентын талаар бүхэл бүтэн ойлголт...

Нээлтэд оролцсон хүндэт зочид сэтгэгдлээ хэлэв. Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч Ц.Гомбосүрэн:

-Энэ их чухал, урт настай ч байж болох уу гэхээр үйл ажиллагааны нээлт болж байна. Ердөө 20 хоногийн дараа ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ой болно. Энэ хуулиндаа бид Монгол Улс бол парламентын засаглалтай гэж тунхагласан. Энэ нь манай улсын хамаг нарийн нандин шийдвэрийг хамтын хүчээр, хамтын ухаанаар гаргаж байна гэсэн ийм засаглалыг тогтоосон гэсэн үг. Энэ засаглалыг сонгосноор эл 30 жилд улс орноо хэр зэрэг чадамгай удирдаж, хэр зэрэг төлөвшсөн бэ гэдэг их чухал асуудал. Ийм л чухал асуудлыг ойлгоход парламентын боловсрол туслах учиртай... Иргэдээ улстөрч болгож хүмүүжүүлэх алба байхгүй. Хамгийн гол нь учир начирыг мэддэг, тэр мэдлэгийнхээ хүрээнд улс орныхоо асуудалд оролцоотой ханддаг иргэдтэй болоход энэ ажлын гол хүч чиглээсэй гэж бодож байна.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат оролцож, Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний зорилтууд ба парламентын боловсрол гэсэн сэдвээр нээлтэд оролцсон сурагчдад зориулж илтгэл тавилаа.

“Парламентын боловсрол” гарын авлага номын агуулгын зөвлөхөөр ажилласан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд санал бодлоо хуваалцав.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Парламентын боловсрол” хөтөлбөрийн 15-17 насны сурагчийн гарын авлагыг ашиглан “Дэлхийд парламент яаж үүссэн бэ, Монгол Улсад хэзээ парламент байсан бэ, яаж хөгжсөн бэ. Парламент юу хийдэг вэ” сэдвийн хүрээнд эхний хичээлийг нээлтэд оролцсон сурагчдад заалаа.

Г.Занданшатар: ...Ард түмний засаглах эрхийг хангах нь өнөөдрийн дэвшүүлж буй санаачилга, хөтөлбөрийн үр дүн байх болно.

Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцсан сурагчдын төлөөлөл.

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны хөтлөгчөөр Б.Болд, дохины хэлмэрчээр Г.Ананд, Г.Хүслэн нар ажиллав.

“Парламентын боловсрол” багш, сурагчийн гарын авлага 12-14 нас

“Парламентын боловсрол” багш, сурагчийн гарын авлага 15-17 нас


Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг хааж үг хэлэв.

-Хүүхэд бүр, иргэн бүр Үндсэн хуулийнхаа гол суурь зарчмуудаа мэддэг, парламент гэж юу юм бэ гэдгийг ойлгодог, үүрэг, хариуцлагаа ухамсарладаг болоход, ухамсартай, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд “Парламентын боловсрол” хэмээх Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр чиглэж байна. Үүнийг хийх ажил амаргүй... Өмнө нь иргэдийн парламентын боловсролд чиглэсэн ажил зохиогдож байсан. Энэ удаагийнх хөтөлбөртэй, системтэй, цаг хугацаатай хэрэгжиж байгааг маш том шат ахисан үйл явц болсон.

...“Парламентын боловсрол” гэдэг энэ цуврал номын агуулга ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт тодорхой цагийг эзэлж, ямар нэгэн байдлаар заагдана гэдэгт итгэлтэй байна. Монголынхоо хүүхэд багачуудад бэлэг болгосон “Парламентын боловсрол” гарын авлага номыг бүтээсэн хүмүүст талархал илэрхийлье.

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн ач холбогдлыг дүгнэн Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Парламентад юу болоод өнгөрснийг шүүн хэлэлцэх бус болж буй үйл явдалд иргэн дангаараа, эвсэл хамтран нөлөөлж чадах эсэхээр ач холбогдол нь хэмжигдэх мэдлэг, чадварыг алхам алхмаар эзэмшүүлэх замаар хууль тогтоох үйл ажиллагаанд санаачилгатай оролцож, эрхээ эдэлдэг, идэвхтэй иргэнийг төлөвшүүлэхийг бид зорьж байна. Энэ зорилго амар хялбар биш хэдий ч түүнээс хүртэх ач тус нь эх орны маань хөгжил дэвшил, сайн сайхан ирээдүйд нэн чухал байх болно” хэмээв

ШИНЭ МЭДЭЭ