http 6
Улаанбаатар хотын авто замын дэд бүтцийг хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ
2021.12.22
Зам, Тээвэр

Улаанбаатар хотын авто замын дэд бүтцийг хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ

 Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлахыг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийлээ.

“Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зуржээ.

Төслийн зорилго нь Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлыг хэрэгжүүлэх, сонгогдсон гудамжуудыг аюулгүй, хүртээмжтэй, эрсдэлгүй болгож олон улсын туршлагын дагуу жишиг гудамж бий болгох, замын хөдөлгөөний удирдлагын төвийн цар хүрээ, техник технологийг шинэчилж, нэгдсэн систем бий болгох замаар түгжрэлийг бууруулах хэвтээ тэнхлэгийн шинэ гарцыг бий болгох, замын өргөтгөл шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа аж.

Төслийг санхүүжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бол Нийслэлийн төсвөөс 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд зориулж гаргахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай бөгөөд үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Төслийн хүрээнд гудамжны замын одоо байгаа сүлжээг засварлаж шинэчлэх, шинээр автозам барих, замын хөдөлгөөний зохицуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Х.Баделхан, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Н.Алтанхуяг нар төсөл хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх, замын түгжрэлийг бууруулахад тодорхой ахиц гарах эсэх талаар ажлын хэсгээс асууж тодруулан хариулт авав.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Одсүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, төслийн хүрээнд хотын гол замын эгнээг өргөжүүлэх, уулзваруудын гэрлэн дохиог шинэчилж ухаалаг болгохын зэрэгцээ камержуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Энэ хүрээнд 17 км авто замыг шинээр барих бол 17.5 км авто замыг өргөтгөж шинэчилнэ. Бороо үерийн ус зайлуулах шугам хоолой, явган хүний болон унадаг дугуйн зам, гарц, ногоон байгууламжийг хамтад нь шийдвэрлэх шаардлага тавьж байгаа гэсэн хариулт өгөв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн гишүүд төрийн байгууллагын аль ч шатанд бодлого тодорхой байх ёстой, бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй, уялдаа холбоо муу байгаа нь ажил хийхэд гол саад болж байна. Татвар төлөгчдийн хөрөнгө болсон 100 сая доллараар төсөл хэрэгжүүлээд замын түгжрэлийг хэдэн хувиар бууруулах талаар тоймтой хариулт өгөх хүн алга. Энэ бол бага мөнгө биш. Иймээс хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг зөвхөн зам барих, уулзварыг өргөтгөх биш асуудлыг цогцоор нь харж, эрх зүйн зохицуулалтыг татварын бодлого, эдийн засгийн хөшүүрэг, захиргааны аргатай хослуулж байж үр дүнгээ өгнө гэдгийг анхаарах ёстой. Тэгэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй, үрэн таран болоход хүрнэ гэдгийг анхааруулж байв.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулж, хуулийн төслийг соёрхон батлуулахаар тогтлоо

ШИНЭ МЭДЭЭ