http 6
Польш Улсад суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргалаа
2021.11.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Польш Улсад суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргалаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Энх-Амгалан “Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо. Мөн энэ хуралд оролцох үеэрээ тус улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскатай уулзсан юм.

Хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалтын үеэр талууд санал солилцсон. Жил бүр Монгол Улсын 22 оюутныг Бүгд Найрамдах Польш Улсад бакалавр, магистрын түвшинд суралцуулж байгаа. Монгол, Польшийн хамтарсан санхүүжилттэй Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах иргэдийн тоог 22-оос 40 хүртэл нэмэгдүүлэх хүсэлтийг манай талаас тавьсан. Энэ оюутнуудын тодорхой хувь нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн эзэд байх чиглэлээр санал солилцлоо.

Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан 1+3, 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, хамтарсан судалгаа хийх зэрэг чиглэлээр ажиллах боломжтой юм.

71 жилийн түүхтэй Монгол, Польшийн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, батлан хамгаалах, боловсрол, нийгмийн хамгаалал, худалдаа, эдийн засгийн салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байна. Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатар хот дахь Элчин Сайдын Яамаа 10 гаруй жилийн дараа буюу энэ оны 1 дүгээр сард дахин нээсэн.

ШИНЭ МЭДЭЭ