Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг хийлээ
2021.11.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг хийлээ

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарын шинэчлэл, Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, боловсролын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар саналаа хэллээ.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Хүмүүнлэгийн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн талаар санал солилцож, асуулт, хариулт өрнүүлэв.

Боловсролын ерөнхий хуулийн төслийн хүрээнд боловсролын чанарын үнэлгээ, багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, мөн цахим боловсрол буюу зайн сургалтыг чанаржуулах зэргийг тусгаж өгсөн.

Хуулийн амин сүнс бол багш бэлтгэх тогтолцоо. Өнөөдрийн байдлаар 40 сургуульд багш бэлтгэж байна. Багш бэлтгэх тогтолцоог сайжруулж, багш ажлын байран дээр тасралтгүй суралцах боломжоор хангах нь чухал гэдгийг хуулийн ажлын хэсгийн гишүүд онцолж байна.

Мөн боловсролын байгууллага ашгийн бус байх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 3 настайгаас нь авах, ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоог бүх нийтээр эзэмшүүлдэг байх, боловсролын байгууллагын удирдлагын томилгоог нарийвчлан тогтоож өгөх, хоёр дахь хэл англи хэл байх, дээд боловсролын сургалтын асуудал зэрэг олон асуудлаар санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ