http 6
Монгол улсаас австралийн холбооны улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзав
2021.10.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Монгол улсаас австралийн холбооны улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд Д. Даваасүрэнг хүлээн авч уулзан, хоёр улсын Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв.

Австралийн Холбооны Улстай боловсрол, шинжлэх ухааны салбарын шууд хамтын ажиллагаа бага тул онцгойлон хэд хэдэн асуудалд анхаарах шаардлагатайг уулзалтаар ярилцлаа.

Австрали улсад амьдарч байгаа Монгол хүүхдийн монгол хэл, соёлын боловсролын хэрэгцээ болон энэ чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургалтын төвүүдийн талаарх мэдээлэл, тухайн оронд суралцаж байгаа суралцагчдын мэдээллийг ирүүлж, яам болон Боловсролын хүрээлэнтэй хамтран ажиллах

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар англи хэлийг хоёрдогч хэл болгохтой холбогдуулан монголын багш нарын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллахад онцгойлон анхаарч, сайн дурын багш нарыг Монгол Улсад ажиллуулах чиглэлд хамтран ажиллах

Гадаадад монгол бичгийг сурталчлах, монгол уран бичлэг, монгол бичгээр өв соёлын үзэсгэлэн зохион байгуулах, монгол иргэд, хүүхэд залууст монгол бичиг сургах үйл ажиллагааг Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Монгол судлалын төвүүд дэмжин ажиллах

Хоёр орны дээд түвшний болон байгууллага хоорондын уулзалтад шинжлэх ухаан, технологи, инновацын талаар хамтран ажиллах асуудлыг байнга хөндөж, шинжлэх ухааны дипломат (science diplomacy) үйл ажиллагааг шат дараатай хөгжүүлэхэд анхаарах, тухайн улсад ажиллаж буй монгол судлаачдын бүртгэлийг гарган мэдлэг туршлагаа хуваалцах, шинэ санаа солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх платформыг бий болгох

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан “XXI зууны Монгол залуу-2100” хөтөлбөр, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн зорилтын хүрээнд гадаад улс орнуудад бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад анхаарахыг тус тус хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ