Хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалтын үр өгөөж, хүүхдийн сэтгэлгээ хандлагад эерэг нөлөө үзүүлнэ
2021.10.03
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалтын үр өгөөж, хүүхдийн сэтгэлгээ хандлагад эерэг нөлөө үзүүлнэ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэг, сургуулийн хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалтыг санаачлан зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Улсын хэмжээнд байгаа 1700 гаруй багш нарынхаа төлөөлөл болгож эхний ээлжинд аймаг, дүүрэг бүрээс 4 багш буюу 120 багшийг хамруулах санхүүжилтийг шийдвэрлэлээ.

Хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалт 10 дугаар сарын 3-нд өндөрлөсөн байна.

Сургалтын багшаар Төрийн соёрхолт, зууны манлай бүжиг дэглээч С.Сүхбаатар, Хурд хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр, төгөлдөр хуурч Б.Чинбат, дуучин Э.Дашням, Монголын бүжгийн академийн тэргүүн Д.Сувдмаа нар ажилласан юм.

Сургалтанд суусан багш нар сургууль бүртээ очиж сургалтаа бусад багш нартаа түгээх ментор багш хийнэ. Багш нар хүүхдүүддээ Уртын дууны амьсгалын дасгал, бие биелгээ, хөгжимт хөдөлгөөний зохиомжийг зааж, авьяаслаг сурагчдынхаа уран бүтээлд уран сэтгэмжээр дууны найруулга, дуу бичлэгийн анхны хичээлийг заах боломж ийнхүү бүрдэж байна.

Хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалтын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Хүүхэд бүр урлагийн хүн болох ёсгүй ч хүүхэд бүр урлагийг ойлгодог, урлагт дуртай болж хүмүүжих нь үндэсний уламжлалаа хүндэтгэх, тусч, сайхан сэтгэлтэй иргэн болж төлөвшихөд хамгийн их нөлөө үзүүлнэ гэдэгт би итгэдэг хэмээн цахим хуудастаа бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ