Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг гарган авах ажлыг зохион байгуулах ажлыг хэсэг хуралдав
2021.08.03
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг гарган авах ажлыг зохион байгуулах ажлыг хэсэг хуралдав

Хөвсгөл нууранд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх, эхний ээлжид 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарах ажлын хэсэг хуралджээ.

БОАЖЯ-наас санхүүжилт, удирдлага менежментээр хангаж, ОБЕГ гүйцэтгэх ажлаа төлөвлөн зохион байгуулж байгаа.

Монгол Улс өмнө нь ийм хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй аж. Нуурын 50 метрийн гүн нь оролцоогоор 16 давхар байшинтай тэнцэх тул аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын төлөвлөгөө гаргаж, бүх талаар хамтран ажиллах нь зүйтэй гэж санал нэгджээ. Бэлтгэл ажлыг энэ сардаа ханган, газар хөлдөхөөс өмнө татан авах ажиллагаа зохион байгуулахаар тогтлоо.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан цахим хуудаснаа, “Хөвсгөл нууранд живсэн шатахуунтай тээврийн хэрэгслийн байршлыг тогтоож, Хөвсгөл нуурын усны бүтэц, эко судалгааг 2014 онд өөрийн санхүүжилтээр хийлгэн, олон улсын эрдэмтдийн багаар ажлын тайлан гаргуулсан. Өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэр гарч, санхүүжилтийг шийдсэн” хэмээн бичжээ.

Монгол Улсад тээврийн байгууллага үүссэн 1950-иад оноос бартаа тойрох, зам товчлох гэж Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж, цөөнгүй машин цөмөрч живсэн байдаг. Эдгээр машин, техникт хэрэглэж байсан түлшнээс гадна зарим нь бензин тээвэрлэж явсан учир байгальд ихээхэн эрсдэл дагуулж байгаа юм.

Хөвсгөл нь дэлхийн цэнгэг усны 0,4, Монгол орны гадаргын усны нөөцийн 70 хувийг дангаараа бүрдүүлдэг гүн цэнгэг устай нуур юм. Хөвсгөл нуурын физик газар зүй, байгаль орчны судалгааг 1903, 1935, 1965, 1970 онд хийжээ. Японы эрдэмтэд 2013 онд нуурын бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурын гүнд живсэн машинуудыг татан гаргах зөвлөмж гаргасан байдаг.

Энэ зөвлөмжид нуурын ёроолд буй машин, техникийн байршил тогтоон, координатыг тодорхойлон, орчныг судлахад, машиныг татан гаргах, бусад үйл ажиллагаанд тус бүр нэг жил зарцуулна. Нуурын ёсроолд 64 машин живсэн байх магадлалтай, тэдгээр нь өвлийн улирлын салхины чиг, мөсний хөдөлгөөн зэргээс үзэхэд ихэнх нь баруун эрэг рүүгээ шилжсэн байж болох дүгнэлт гаргажээ.

ШИНЭ МЭДЭЭ