Боловсролын салбарын реформыг хийхэд хамтарч ажиллахыг хүслээ
2021.03.09
Гадаад харилцаа

Боловсролын салбарын реформыг хийхэд хамтарч ажиллахыг хүслээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зохицуулагчийн газрын холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

“COVID-19” цар тахлаас үүдэн Монгол Улсын боловсролын салбар олон бэрхшээлтэй тулгарч байгаагийн нэг нь хичээлийн хоцрогдол. Ерөнхий боловсролын сургуульд нийт 650 гаруй мянган хүүхэд суралцаж байгаагаас 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон гэх судалгаа бий.

Иймд цаашид хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд болон боловсролын салбарын цахим шилжилтийн чиглэлээр хамтарч ажиллах саналтай байгаагаа салбарын сайд илэрхийллээ.

Мөн боловсролын дунд, урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, боловсролын реформыг хийхэд та бүхний дэмжлэг туслалцаа хэрэгтэй гэдгийг сайд Л.Энх-Амгалан онцлов.  

НҮБ-ын суурин зохицуулагчийн газар нь төрөлжсөн байгууллагуудаа зангидаж, уялдаа холбоогоор хангаж, нэгдмэл байлгах үүрэг хүлээн ажиллаж байгаа суурин зохицуулагч онцлоод Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр зэрэгт уялдсан бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байгаа хэмээлээ.

Мөн тэрбээр бүх шатны боловсролын байгууллагуудад тогтвортой хөгжлийн зорилтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг хүссэн. Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтой, дэмжиж ажиллана гэдгээ хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ