Хөвсгөл аймгийн эмч нар онлайнаар анх удаа нярайн хүнд хагалгаа хийлээ.
2021.01.18
Эрүүл мэнд
Л.Энх-Амгалан: Мобайл технологийн үр дүнг иргэд хүртэж эхэллээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн 2020 онд санаачлан Хөвсгөл аймгийн зүүн болон урд бүсийн 7 сумын эмнэлэгт МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙГ нэвтрүүлсэн. Ингэснээр шаардлагатай үед хөдөө алслагдсан багт очиж онлайнаар аймгийн нэгдсэн эмнэлэгтэй шууд холбох, 3 дугаар шатлалын эмнэлгийн эмч нараас зөвлөгөө авч яаралтай тусламж үзүүлэх боломж бүрдсэн билээ.
Өнгөрсөн баасан гарагт /2021.01.15/ Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэс засал, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ Нярайн тасгийн хамт олон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмчтэй телемедицинээр холбогдон 1300 гр жинтэй төрөлхийн 12 хуруу гэдэс битүү нярайд онлайнаар мэс заслыг амжилттай хийжээ. Энэ нь Мобайл технологийн үр дүн төдийгүй, орон нутагт онлайнаар хийсэн нярайн анхны хүнд хагалгаа юм.
Онлайн мэс заслыг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын эмч Д.Эрдэнэбаатар, Г.Төгсбаяр, Б.Төгөлдөр тэргүүтэй арав гаруй эмч, сувилагч нарын баг амжилттай гардан гүйцэтгэжээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувьд сонгогдсон тойргийн иргэдийнхээ эрүүл мэндийн чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, орон нутгийн эмч нарын мэдлэг чадварыг сайжруулахад анхаарч туршлагатай, чадварлаг эмч нараар сургалт зохион байгуулж туршлага судлахад нь туслаж ажилладаг юм. Тухайлбал 2018 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн Монгол Улсын гавьяат эмч Н.Энхравдан, тасгийн эрхлэгч Л.Ганбаяр, мэс заслын эмч А.Цэнджав, нярайн зөвлөх эмч С.Энхтуяа тэргүүтэй багийг Хөвсгөл аймагтаа урьж ажиллуулан, хөдөө орон нутагт хийх боломжгүй маш хүнд мэс заслыг 10 гаруй хүүхдэд амжилттай хийсэн.
Мөн мэдлэг, туршлагатай, чадварлаг энэ эмч нараар аймгийнхаа бүх сум, эмнэлгийн хүүхдийн эмч нарт нарийн мэдлэг олгосон, чанартай сургалтыг зохион байгуулсан юм. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эмч нартай хамтын ажиллагаатай ажиллаж, мэс заслын нарийн мэргэжлээр аймгаасаа нэг хүн сургаж байгаа таатай мэдээ ч бий.