2021.01.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн мөлжлөг хийх боломжийг хязгаарлах зохицуулалтыг тодорхой тусгах нь зүйтэй

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.06/ хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа: 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас өгсөн зөвлөмж байна. Үүнийг уншихаар явж байгаад хөдөлмөрийнхөө гэрээг бүдэгрүүлсэн. Ажил олгогч нарт хөдөлмөрийн гэрээнээс өөр нэг хамтын гэрээ, хэлэлцээр байх юм шиг ойлголт төрөөд хуулийг хийдүүлэх цоорхой хийгээд өгөх вий гэсэн маш том болгоомжлол надад байна. 

Олон улсын хөдөлмөрийн байгууллага зөвлөмж дээрээ заасан байна. Үндсэн хууль, Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн хуулийг дагасан дэс дарааг зөв тодорхойлохгүй бол үүн дээр олон улс оронд ийм тохиолдлууд гарч байсан гэсэн гашуун сургамж байгаа юм. 

Бусдын хөдөлмөрийг завшдаг асуудал яг энэ маягаар явж байсан юм. Оёдолын үйлдвэр, барилгын салбар дээр их гардаг. Цалин хөлснөөсөө гадна ажил олгогч нь өөрөө НДШ төлөх ёстой, ЭМД-ын тодорхой хувийг төлөх ёстой гэх мэтчилэн Хөдөлмөрийн хуулиар авсан үүрэг хариуцлагаа чамтай Хөдөлмөрийн хуулийн гэрээ хэлэлцээр хийгээгүй, чамтай хамтын хэлэлцээр хийсэн.

Ийм маягийн тохиолдлууд гарах вий гэдгээс болгоомжилж байгаа юм. Хөдөлмөрийн зах зээлийг аваад үзвэл ажлын байрны 86% нь 1-9 ажилтан, жижиг аж ахуй нэгжүүд байна. Энд ах дүү, төрөл төрөгсөдтэйгээ Хөдөлмөрийн гэрээ ч юм шиг үгүй ч юм шиг гэрээ хийгээд хариуцлагаас бултах нөхцөл байдлууд үүсэх бодитой хандлагууд байна. Бусдыг төөрөгдүүлдэг. Үүгээрээ бусдын хөдөлмөрийг завшдаг. Бодитой нөхцөл байдал ийм байна. Гэтэл бидний батлах гээд байгаа хууль бол энэ зүйлсийг хариуцлагжуулж байгаа хэрнээ дахиад нэг хамтын хэлэлцээр, дотоод журам гэсэн үл ойлголцох бичиг баримтууд гаргаад, хөдөлмөр мөлжих, гэрээ хийхээс бултах, хуулийн цоорхой бий болох вий. 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжтэй холбоотой зүйл дээр зааг ялгааг нь сайн ялгаж салгаж хэлж өгнө үү?

Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хариуллаа:

Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулагдснаар ажил олгогч, ажилтны хооронд Хөдөлмөрийн гэрээ заавал байгуулагдана. Хуулиараа тусгаад өгсөн. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдахдаа ажлаа хийгээд эхэлсэн бол хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзээд тэр харилцаа үүсээд цаашаа явна. Хамтын гэрээг ажилтны эрх, боломж, нөхцөлийг хуулиар тогтоосон хэмжээнээс нь дээшлүүлэх гэж л байгуулна.

ШИНЭ МЭДЭЭ