Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Катар Улсын Доха хотноо болж буй ОУПХ-ны 140 дүгээр чуулганд оролцож байна
2019.04.09
Гадаад харилцаа

Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Катар Улсын Доха хотноо болж буй ОУПХ-ны 140 дүгээр чуулганд оролцож байна

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй 

Ассамблейн чуулганы энэ удаагийн нэгдсэн хуралдаан ““Парламент нь энх тайван, аюулгүй байдал, хууль дээдлэх ёсны боловсролыг чанаржуулах талбар болох нь” сэдвийн дор явагдаж, чуулганы нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгасан мэдлэгт суурилсан нийгэм болон чадвартай монгол хүнийг бэлтгэх зорилтуудыг дурдаад, тэдгээрийн хэрэгжилтээс танилцуулав. Түүнчлэн хууль дээдлэх ёсыг хангах замаар нийгэмд шударга ёс тогтоох, чингэхдээ иргэдээ боловсролтой болгох нь ихээхэн чухал болохыг тэмдэглэж, эдгээрийн үр дүнд нийгэм тогтвортой хөгжихийг онцлов.

Мөн өдөр, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороогоор Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх ээлжит хуралд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцлоо.

Хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнгөрсөн хугацаанд уг хорооноос шаардсан С.Зоригийн хэрэгтэй холбоотой баримт бичиг, асуултуудын хариултыг Монголын холбогдох байгууллагуудаас гаргуулан хүргүүлсэн, мөн уг хэрэгт эрүү шүүлт тулгах зэргээр хуулиар хориглосон ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээллийг хүргэсэн. Түүнчлэн, УИХ-ын даргын захирамжаар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбоотойгоор гаргасан ОУПХ-ны Удирдах зөвлөлийн өмнөх хурлын шийдвэрт тусгасан асуудлуудыг судлах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан тухай танилцуулав. Эцэст нь уг хорооны шинжээч, мэргэжилтнүүдийг Монголд дахин хүрэлцэн ирж, уг хэрэгтэй холбоотой судалгаа хийхийг урилаа.

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо энэ хэргийн үйл явцын талаар байнга мэдээлж, хамтарч ажилладагт, өөрийн институцээс ажлын хэсэг байгуулах зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, ахиц дэвшил гаргаж байгаад, мөн энэ хэрэгт холбоотойгоор Монголд дахин очиж ажиллахыг урьсанд Монгол Улсын Их Хуралд талархаж байгаагаа илэрхийллээ. Хорооны гишүүд уг хэрэгтэй холбоотой гарсан өөрчлөлтийн талаар тодруулга авч, Монголд ажиллах тохиолдолд холбогдох байгууллага, албаны хүмүүстэй уулзуулах, мөн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ