Л.Энх-Амгалан: Олимпын бэлтгэлийн баазыг Хөвсгөлд байгуулбал өвлийн спортын олон алдартнууд төрнө дөө
2018.03.06
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Олимпын бэлтгэлийн баазыг Хөвсгөлд байгуулбал өвлийн спортын олон алдартнууд төрнө дөө

“Хөх сувд-2018” мөсний баярыг Хөвсгөл нуурын мөсөн дээр энэ сарын 3-4-ний өдрүүдэд 18 дахь жилдээ зохион байгуулагдсан билээ.

Энэ баярыг Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Хөвсгөл далай, энэ нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих зорилготой зохион байгуулдаг.

Мөн орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэхээр зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баярыг зорин ирдэг дотоодын болон гадаадын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ жил дотоодын 15 мянга гаруй, гадаадын 130 орчим жуулчин, 2200 гаруй тээврийн хэрэгсэл оролцсон юм.

“Хөх сувд” мөсний баярт 15 мянга гаруй гадаад, дотоодын жуулчид хүрэлцэн иржээ

Энэ баярыг зохион байгуулахад удаа дараа гар бие оролцож, төсөв хандив босгоход тусалж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн facebook  хуудаснаа мөсний баярын тухай сэтгэгдлээ бичжээ.

МӨСНИЙ БАЯРЫН ТУХАЙ…

Энэ жилийн мөсний баярт оролцож амжаагүй ч баярын тухай өөрийн бодлоо та бүхэнтэй хуваалцъя. Анх нутгийн иргэдийн санаачлагаар зохион байгуулагдсан энэ баяр хүрээгээ тэлж агуулга нь Далай ээжээ хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж буйд олзуурхадаг. Хэд хэдэн удаагийн баярыг зохион байгуулахад гар бие оролцож, төсөв хандив босгож, шил толь шиг мөсөн дээр хамтдаа баярлаж явах сайхан байдаг.

Морин чарганы уралдаанд маш их хөдөлмөр ордог

Морин чарганы уралдаан бол хамгийн анхдагч тэмцээн. Нутгийн уяачид чарга хөсгөө бэлдэж, морьдоо уяна, сургана.

Анх уралдаж буй морийг мөсөн дээр давхиулна гэдэг эзэн хүнээс их хөдөлмөр ордог.

Олон адуучин Мөсний баярт оролцсон уяачдыг ММСУ-ын Холбооны шагналаар шагнуулах, энэ уралдааныг анхаардаг болгох талаар санал их тавьдаг. Монголын онцлогийг харуулсан морин уралдааныг холбогдох холбоо анхаарах цаг болсон.

Уралдааны дараа баярт ирсэн зочид мөнгө төлөөд морин чаргаар мөсөн дээгүүр явж байгалийн сайхныг үзэх мэдрэмж. Морьдын эзэд овоо ч мөнгө олдог. Хотын нэг нөхрөөс 10 км орчим явж хүслийн хад орчихоод ирэхэд 300.000 төгрөг нэхжээ. Бөөн хэрүүл. Хамт хажууд нь яваад ирсэн хүн 30.000 төгрөг төлчихсөн юм чинь арга байжуу. Хотын нөхөр надад гомдол мэдүүлэхдээ тулж, би ч морины эзнийг зайдуу аваачаад нутаг орныхоо нэрийг бод гээд хэдэн төгрөг өгч салгалаа.

Мөсөн урлал хөгжиж байна

Дараагийн нүд хужирлах зүйл бол МӨСӨН УРЛАЛ.

Жил бүр урлагийн бүтээл тал руу хөгжиж, бүтээлчдийн ур чадвар огцом өссөн.

Өдөр үзэхээс гадна шөнийн гэрэлтүүлэгтэй болговол бүр ч гоё болно. Олон Улсын хэмжээний том тэмцээн болгох цаг нь ч ирсэн. Сүүлд очиход маш том мөсөн гулгуур хийчихсэн байсан. Том хүн гэлтгүй хүүхдүүдтэйгээ дугаарлаад гулгаж байхыг хараад би ч урт дугаарын ард зогсчхов. Манай хэд намайг та боль барь фэйсбүүкээр гөвүүлнэ энэ тэр гэж байна. Үгүй тэгээд би ч гэсэн хүн юм болохоор далай ээжийнхээ мөсөн гулгуураас бууж үзмээр л байна ш дээ. Гулгасан. Бүр гурван удаа гулгасан. Арын хүн миний нуруу руу хөлөөрөө хүчтэй мөргөж байхад тоохгүй гулгасан. Энэ л хүн бүрийн баяр.

Энэ жил өвлийн олимп боллоо. Олимпын бэлтгэлийн баазыг манай Хөвсгөлд байгуулаач. Агаарын сайхан, уран зураг шиг байгальд өвлийн спортын олон алдартнууд төрнө дөө. Улсын хамгийн мундаг тэшүүрчид манай аймгаас төрсөн. Залуу халаа нь ямар ч дэмжлэггүй мөртлөө түрэн гарч ирж буйг спортын мэргэжилтнүүд олж хараасай.

       Баярын үеэр зочид гийчдээ өлсгөхгүй байх хэрэгтэй.

Далайн эргээр хоолон гэрүүд хаяа хаяагаа дэрлэн баригджээ. Маш олон гэр. Хуушуур, хорхог гээд болоо. 20 хувь нь шорлог, цуйван гээд дуусаа. Энэ бол хоол хийж тав гурван төгрөг олох гэсэн иргэдийн буруу биш. Бүгд хуушуур хийвэл бага мөнгө олно. Ядаж 10 янзын хоол хийгээд 100 гэрээ 10 т болгон төрөлжвөл мөнгө илүү л олно. Хоол, цай байгаа цагт бие засах газраа заавал шийднэ.

Ургаа модон дээр 00 гээд бичгийн цаасан дээр биччихэж боломгүй. Энэ зун агааржуулагчтай, тохилог нилээд олон боловсон жорлон баригдсан. Энэ үед түгжээд, түгжрүүлээд байлгүй ашиглаасай билээ дээ. Нэг дарга нь битгий онгойлго гээд түлхүүрийг нь халааслаад явчхаж мэдэх улс. Бухимдсан шартай хүн яахав. Цонхыг нь хагалаад, хаалгыг цөм өшиглөөд, гаднаас нь шээгээд л 00 асуудал дуусаа.

Хүн бүр бүтээн байгуулалтыг сэтгэл зүрхээрээ дэмжих хэрэгтэй

Сар шинийн өмнө цонх нь хагарсан 00 зургийг хүн надад ирүүлсэн. Би арай болохгүй ээ. Хөрөнгө гаргасан гаднынхан, хөрөнгө гуйсан би ичиж байна гэж сошиал сүлжээнд бичсэн. Хариу нь "сүртэй ш дээ... " Кккк зүрх тархи маань ийм л болчхож дээ хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Тэрээр цахим хуудсанд нь санал хүсэлт илгээж, асуулт асуусан иргэдийн асуултанд хариулт өгснөн байна.

Мөн 2013 оноос Азийн хөгжлийн банканд санал тавьж олон удаа уулзалт хийсний үр дүнд Жанхай хүртэлх зам барих, нуурын эргийн 5 сумын иргэдийн амьжиргааг дэмжих, Нуур орчмын байгаль орчныг хамгаалах чиглэлээр хөрөнгө оруулалт 3 сая доллар буюу 7 орчим тэрбум төгрөгийн төслийг эхлүүлсэн гэсэн таатай мэдээг  Хөвсгөлчүүдэд дуулгасан байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ