Донорын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ
2018.01.10
Эрүүл мэнд

Донорын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2018.01.09/ хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Гантулга танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хүний эд, эрхтний наймаа бий болох зэрэг эрсдэлүүдийг хаах талаар төсөлд хэрхэн тусгасан, донорын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба донорын эрхтэн хуваарилахдаа танил талдаа үйлчлэх явдал гаргахгүй байхад хэрхэн анхаарах талаар лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга, хүний эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой бүх эрсдэлүүдийг бууруулах үндсэн зорилгын хүрээнд хуулийн төслийг боловсруулсан болохыг онцолсон. 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахаас татгалзсан шийдвэрээ гарын үсэг зурж баталгаажуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад өгөх эрхтэй байхаар төсөлд тусгасан байна.

Түүнчлэн амь насаа алдсан иргэн хэдийгээр эрхтнээ шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байсан ч эд, эрхтнийг шилжүүлэн суулгахын тулд ар гэрийнхнээс нь заавал зөвшөөрөл авах заалт оруулжээ.

Шилжүүлэн суулгах эрхтнийг ар өврийн хаалгаар бусдад өгөх асуудал байхгүй гэдгийг Ажлын хэсгээс тодруулж хэлсэн. Донороос авсан эд, эрхтэн хүн бүрт таарах боломжгүй, эмнэл зүйн шинж тэмдэг нь таарсан хүнд л шилжүүлэн суулгах учиртай гэдгийг тодотгосон.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа ямар үр дүнтэй байгааг лавлаад, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс болоод эрхтнээ өгсөн  доноруудад үзүүлэх дараагийн шатны асаргаа сувилгаанд анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Ажлын хэсгээс хариулснаар, жилд 300 гаруй хүн гадаадад эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэхээр явдаг байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо эрс цөөрсөн байна. 2016 онд дөрвөн хүн бөөр шилжүүлэн суулгуулахаар гадагшаа явсан бол, 2017 онд элэг шилжүүлэн суулгуулахаар таван хүн л гадаад орныг зорьжээ.

2018 онд 25 хүнд элэг, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгахаар төлөвлөөд байгаа аж. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын амжилтаар дэлхийн түвшинд яваа гэлээ.

Дараа нь Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ