2017.11.10
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Ирэх онуудын ачааллыг энэ эдийн засаг даах уу?

Өнөөдөр /2017.11.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2019 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа.

Л.ЭНХ-АМГАЛАН: АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭР ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ТӨСВИЙГ БАТАЛЖ БОЛОХ УУ?

Эдийн засгийн 9 үндсэн үзүүлэлт байдаг. Гэтэл Аудитын Ерөнхий газраас гаргасан 2018 оны төсвийн дүгнэлт дээр төсвийн 4 үзүүлэлт нь шаардлага хангаагүй гэж байна. Үүн дээр байнгын хороо яаж хандаж байна?

Аудитын Ерөнхий газраас дүгнэлт гараж, хүрэх ёстой үзүүлэлтээсээ зөрсөн байхад бид баталж болох юм уу? Төсвийн сахилга бат гэдэг зүйл эндээс эхэлнэ гэж ойлгож байна.

Аудитын Ерөнхий газрын гаргасан дүгнэлтийг ойшоохгүй юм бол энэ газар байх шаарлага байна уу?

Дандаа чухал үзүүлэлтүүд нь зөрсөн байна. ОУВС-тай тохирсон гэрээний дагуу бид тодорхой үүрэг хүлээсэн. Гэтэл өрийн үзүүлэлтүүд дээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлууд үүссэн байна. Засгийн газрын өрийн удирдлагын 5 үзүүлэлтүүд байна. Энэ 5 үзүүлэлтээс 2 үзүүлэлт нь хангаагүй байна. Гадаад өрийн үлдэгдэл болон гадаад өрийн үйлчилгээний төлбөр байна. Энэ 2 үзүүлэлт хангалтгүй бол Монгол Улс өрийн дарамтанд орох бодитой эрсдэл үүссэн байна гэсэн Аудитын Ерөнхий газрын дүгнэлт байна.

Хөрөнгө оруулалттай холбоотой асуудал байна. 2018 оны төсөв дээр нийт 690 арга хэмжээнд зориулж 625 тэрбум төгрөг батлах гэж байна. Энэ нь 2019, 2020 он дээр 2 их наядын ачаалал үүсгэхээр байна. Дахиад зурсан 2.3 их наядын концессын асуудал гарч ирнэ. Нийт 42 гэрээтэй. Ирэх 2019, 2020 он дээр нийт 4.3 их наядын ачааллыг энэ эдийн засаг даах уу?

Ч.ХҮРЭЛБААТАР: ОРОН НУТАГТ ЧИГЛЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХИЙХ НЬ ЭДИЙН ЗАСГАА ТЭТГЭХ ЧУХАЛ ҮЗҮҮЛЭЛТ

Бид баталчихсан төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилж оруулж ирж байгаа. Цаашид ийм зүйл гаргахгүйг хичээж ажиллана. 2018 оны болон 2019 оны төсвийн төсөөллийг 2017 оны хавар баталсан. Тэр үедээ ОУВС-тай тохирсон тооны дагуу оруулж ирсэн. Бид бүгдээрээ л юу яриад, ямар тоо тавьж баталсныг бүгдээрээ л мэдэж байгаа. Тэр тоонууд бодит байдлаас өөрчлөгдсөн учраас ингэж өөрчлөгдөж орж ирж байгаа. Цаашид ийм зүйлийг гаргахгүйг хичээнэ.

2018 оны төсөв дээр тоог бодитоор оруулж ирье гэдэг хатуу зарчим барьж ажилласан. Цаашдаа ч төсвийн төсөөллөө дунд хугацааны төлөв байдлыг зөв дүгнэж, төсвөө зохиох ёстой гэдэг таны саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна.

Энэ удаагийн хөрөнгө оруулалт дээр тавигдсан 625 тэрбум төгрөг дараагийн төсөв дээр дарамт болж байгаа гэдэгтэй санал нэгдэж байгаа. Гэхдээ нөгөө талаасаа энэ хөрөнгө оруулалтыг хийхгүй бол болохгүй. Орон нутгийн төсөвт төлөвлөгдөж байгаа татварын гүйцэтгэлийг авч үзэхээр орон нутаг дээр эдийн засгийн идэвхжил саарч, царцанги байдал руу орсон, ажилгүйдлийн хэмжээ ихэссэн, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогссон байдалтай байна.

Тиймээс хөдөө орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлыг хийх нь эдийн засгаа тэтгэхэд чухал үзүүлэлт.

Л.ЭНХ-АМГАЛАН: ИРЭЭДҮЙН 2 ЖИЛД ҮҮСЭН ТӨСВИЙН ДАРАМТЫГ БИД ДААЖ ЧАДАХ УУ?

Өнөөдрийн бидний баталж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 2019, 2020 оны төсөв дээр ачаалал өгнө. Тэрнээс гадна 2.3 их наядын 48 арга хэмжээ бүхийн концессын төлбөр 2018 оноос эхэллээ. Өчигдөр С.Эрдэнэ гишүүн бас 2 сургуулийн асуудал гээд нийт 23 тэрбумын төгрөгний асуудал яригдаж байсан. Ажил нь дуусчихсан. Тэгэхээр ирээдүйн 2 жилд үүсэх 2 их наяд болон концессын 2.3 их наядын асуудал гарч ирж байна. Бид нарын олж байгаа орлого 7.2 их наяд биз дээ? Үүн дээр ямар менежмент хийх вэ? Тооцоо судалгаа байна уу?

Ч.ХҮРЭЛБААТАР: ЗАРИМ АУДИТ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙГАА УЧИР ДАХИН ШАЛГАНА

Концессүүд дээр аудит хийлгэх үүрэгтэй. 38-р сургууль 10.5 тэрбум төгрөгөөр баригдсан. Ердийн сургууль 2-3 тэрбум төгрөгөөр л баригддаг. Үүнээс 3-4 дахин өндөр өртөгтэй баригдсан сургууль байгаа. Бүх хийгдсэн аудит дээр дахин аудит хийлгэнэ. Үндэсний Ерөнхий Аудитын газраас хийгдсэн зарим аудит шаардлага хангахгүй байгаа. Засгийн газар дээр барилгын мэргэжлийн хүмүүс оруулсан хамтарсан дүгнэлт гаргах ажлын хэсэг гаргана.

ШИНЭ МЭДЭЭ