УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2017.04.07
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Засгийн газар гутранги байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг гаргахдаа маш нухацтай бөгөөд өөдрөг хандах гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

"Уг хуулийн төсөлд 9 үзүүлэлт бий. Эдийн засгийн өсөлт хэд байна гэж Засгийн газар таамаглаж байна, төсвийн алдагдал хэдэд хүрэх вэ гэх зэргээр есөн тоог л тойрч ярих ёстой. Гэтэл бид хэлэлцэх ёстой асуудлаар халиад байна.

Засгийн газрын тэргүүн өмнөх Засгийн газарт Сангийн сайд байхдаа Монгол Улсыг нэгдсэн нэг төсөвтэй болгоё, ОУВС-гийн хөтөлбөрт цаг алдалгүй хамрагдъя гэж шахаж шавдуулж байсан учраас л Засгийн газраас “хөөгдсөн” гэж ойлгож байна.

2017, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл гутранги байгаа юм биш үү? Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн төсөлд тавих тоондоо нилээд нухацтай хандах хэрэгтэй. 2017 оны төсвийг батлагдах үеэр төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын мөрөөр 2012 онд 1,1 их наяд төгрөгийн ашигтай ажилладаг байсан бол өнөөдөр 90 тэрбум төгрөгийн алдагдалд орсон байна.

Төрийн өмчит компаниудын тавьсан өр 10,8 их наядад хүрчээ. 45 мянган хүн төрийн өмчит компаниудад ажиллаж байна. Тиймээс төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэхийн тулд менежментийн шинэчлэл хийх ёстой. Бидэнд төсвийн орлогыг нэмэгдүүлэх олон боломж байна."

ШИНЭ МЭДЭЭ