УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2017.02.03
Зам, Тээвэр

Л.Энх-Амгалан: 1 км замыг 1 тэрбум төгрөгөөр тавьсаар байх уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хуулийн төслийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Хуулийн төслийг дэмжиж байна. 1998 оноос хойш Авто замын тухай хуульд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт, шинэчлэл хийгдээгүй явж ирсэн байдаг. Тиймээс шинэчлэх шаардлага цаг үеийн даган бий болсон. Өнгөрсөн дөрвөн жилд авто замын салбарт тодорхой ахиц гарсан. Томоохон бүтээн байгуулалт хийсэн. Хэд хэдэн аймгийг хоттой хатуу хучилттай авто замаар холбосон. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Нэгд, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг авлигажсан төсөв гэдэг нэр томьёо гаргаж ирсэн. Авлигажсан төсөв гэдэг өөрөө авто замын салбарт гарсан байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр 1 км зам барихад 500-600 сая төгрөг зарцуулдаг байсан бол бариад шилжүүлнэ гэдэг нэрийн дор зам барих өртөг 2-3 дахин нэмэгдсэн байна.

Салбарын сайдын мэдээлж байгаагаар өнгөрсөн дөрвөн жилд 570 тэрбум төгрөгөөр авто зам барьсан байна. Тэгвэл зах зээлийн зарчмаар тендер явуулж, зам барилгын ажил явуулсан бол одоогийнхоос ч илүү олон км зам барих боломжтой байсан байх.

Хоёрт, Үндэсний авто замын сүлжээг бусад салбарын төлөвлөгөөтэй уялдуулж батлахгүй юм бол хоорондоо уялдаагүй байна. Авто зам, аялал жуулчлал, уул уурхай салбарт баримтлах төрийн бодлогууд хоорондоо харилцан уялдаагүй байна. Цаашид эдийн засгийн салбарын бодлогууд хоорондоо уялдаатай байдаг, энэ нь эргээд Үндэсний авто замын сүлжээтэй холбогддог байх ёстой.

Гуравт, авто замын салбарт техник, тоног төхөөрөмжийн дэвшил маш их гарсан. Бүтээмж маш их дээшилсэн. Өмнө нь зам барилгын компаниуд жилдээ 20 км зам тавих хүчин чадалтай байсан бол өнгөрсөн бүтээн байгуулалтын ажлын үр дүнгээр бол үндэсний замын компаниуд хөл дээрээ босож чадсан.

Жилд 40-60 км зам барих хүчин чадалтай болсон байна.

Цаашид бид заавал өндөр өртөгтэй зам барьсаар байх уу? Манай улстай ойролцоо уур амьсгалтай орнуудын хувьд хороолол доторх зам, хөдөө, орон нутгийн замыг маш хямд өртгөөр барьдаг болсон байна. Заавал нэг км замыг нэг тэрбум төгрөгөөр барина гэсэн буруу ойлголт байж болохгүй.

Хөдөлгөөний ачааллаас хамаарсан янз бүрийн стандартыг авто замын салбарт мөрдүүлэх ёстой. Уусмал цацаж, авто зам барьдаг технологиуд бий болсон байна.

Нэгэнт барьсан замаар хүнд даацын машинууд маш их явж байна гэдэг. Эдгээр машин өндөр хүндтэй бариулсан замыг эвдэж байна. Тэгвэл авто замын эвдрэлийн гол шалтгаанд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Хамгийн сэтгэл зовоож буй асуудал бол зам, тээврийн осол. Авто тээврийн ослын улмаас жилд 1000 гаруй хүн нас барж байна. Дайн бүхий байдалтай байна гэсэн үг. Үүн дотроо 400 гаруй хүүхэд авто замын ослоор хорвоог орхиж байна.

Жил бүр олон хүн амиа алддаг замын трассууд байна шүү дээ. Булган-Дашинчилэн хоорондын зам байна. Энэ зам дээр маш олон хүн амь насаа алдсан байдаг. Үнэхээр сэтгэл өвдөж, зүрх шимширмээр. Яагаад ийм трассууд тавьдаг юм бэ?

ШИНЭ МЭДЭЭ