Хөвсгөлд 3 сая долларын төсөл хэрэгжүүлнэ
2016.02.01
Орон нутгийн хөгжил

Хөвсгөлд 3 сая долларын төсөл хэрэгжүүлнэ

Хөвсгөл аймгийг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв хэмээн нэрлэдэг. Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбосноор байгалийн үзэсгэлэнт газрыг зорих дотоодын иргэдээс гадна жуулчдын цуваа ч тасрахгүй болсон билээ. Ингэж Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалын урсгал нэмэгдсэн ч нутгийн иргэдэд хүрэх үр ашиг бага байгааг салбарынхан дурдаж байна.

Хөндлөнгөөс харахад жуулчдын урсгал Хөвсгөл нуурыг чиглэж, тэр хэрээр орон нутгийн иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлдөг гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ аялал жуулчлалын хөгжлөөс ард иргэд нь үр ашиг бага хүртдэг байна. Захын жишээ дурдахад, Хөвсгөл аймаг ядуурлын түвшнээр 21 аймгаас хоёрдугаарт жагсдаг. Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 7.9 хувьтай байхад Хөвсгөл аймагт улсын дунджаас нэг дахин их байх жишээтэй.

 Тиймээс Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлээд зогсохгүй ард иргэдийн амьжиргааг тэтгэх шаардлага тулгарчээ. Энэ хүрээнд “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт амьжиргааг дээшлүүлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нь” төслийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван сая ам.долларыг энэ төсөлд зарцуулахаар болж, өнөөдрөөс ажил эхэлж байна. Төслийг гурван чиглэлд хэрэгжүүлнэ.

undefined

Нэгдүгээрт, Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх. Хоёрдугаарт, аялал жуулчлал хөгжүүлэхийн хажуугаар байгаль орчныг хамгаалж, ил задгай хог хаягдал, эко системд сөрөг нөлөөтэй байдлыг арилгаж, нэгдсэн менежменттэй ажиллана. Гуравдугаарт, нуурыг дагасан иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлнэ. Ингэхдээ Хөвсгөл нуурын орчим дахь таван сумын иргэдэд төслийг бодитойгоор чиглүүлэн хэрэгжүүлэх юм. Нэн тэргүүнд Хөвсгөл нуурын орчимд амьдардаг нутгийн иргэдийн амжиргаагаа залгуулах боломж, эрхлэх боломжтой бизнес, аялал жуулчлалтай холбоотой ажлыг судалж, статистик бүрдүүлнэ. Ингээд үүн дээр тулгуурлаад иргэдийн дунд сан бий болгох юм. Энэ сан дээр түшиглээд иргэд зээл авч бизнесээ эхлүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байна.

 Мөн нутгийн онцлогийг шингээсэн шинэ содон брэнд бий болгоход ч нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлж ажиллах юм байна. Төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Гэхдээ үр дүн жилийн дараагаас харагдаж эхэлнэ хэмээн албаныхан тооцоолжээ.

ШИНЭ МЭДЭЭ