УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.12.10
Улстөр

Л.Энх-Амгалангийн асуулгын хариулт

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар асуулт тавьж, Ерөнхий сайд болон бусад сайдууд хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Хөвсгөл аймгийн хувиараа бизнес эрхлэгчдийн банкан дахь дансных нь хуулгыг өөрсдөд нь мэдэгдэлгүй аваад олон зуун сая төгрөгийн НӨАТ ногдуулчихсан байна. Ингэхдээ бүр гурав дөрвөн жилийн өмнөх орлогод нь хүртэл татвар ногдуулдаг. Ингэж хэлмэгдсэн хүмүүсийн тоо Мөрөн хотод 300 орчим байна.

Би татвар бүрдүүлэх аян өрнөж байгаа гэж дууллаа. Татварынхан ийм хэлмэгдүүлэлтийн шинжтэй зүйл хийгээд байна уу үгүй гэдгийг тодруулмаар байна. Ер нь хөдөө орон нутагт бизнес эрхэлж, баялаг бүтээж байгаа хүмүүсээ яаж дэмжих вэ?

Татварын шинэчлэлийн асуудлыг Засгийн Газар хэзээ УИХ-д хэзээ оруулж ирэх вэ? Аймгийн төв болгонд баригдаж буй 1000 айлын орон сууцны ажлыг ямар байдлаар санхүүжүүлж байна вэ? Найман хувийн зээлийн бодлого хөдөө орон нутагт яаж хэрэгжих вэ?

Хүн амаараа тэгш бус аймаг, сумдын захиргаанд ажилладаг хүмүүсийн тоо ижилхэн байдаг нь засаглалын бодлого гажууд байгааг илэрхийлдэг. Хөдөө орон нутгийн засаглалыг яаж шинэчлэх вэ?

Сангийн сайд Ч.Улааны хариулт:

Бид дээрх татварын асуудлыг судалж байна. Ийм явдал гарах учиргүй. Хөвсгөл аймгийн асуудлыг Үндэсний Татварын Ерөнхий Газраар шалгуулж байна. Үр дүн нь гарахаар мэдээлэх болно.  Гэхдээ Хөвсгөл аймгийн асуудал татварын орлого бүрдүүлэх зургаан сарын аянтай ямар ч хамаагүй.

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд: Ц.Баярсайхан:

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон билээ. Энэ ажлын хүрээнд бид аймгийн төвүүдийн ерөнхий төлөвлөгөөг өөрчлөхөөр шийдсэн юм. Үүний зэрэгцээ шинээр баригдах орон сууцнуудын хэсэгчилсэн төлөвлөгөөг хийлээ.

Өнгөрсөн хугацаанд 10 аймгийн инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлын хүрээнд багагүй хөрөнгө орууллаа. 2014 онд долоон аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, гурван аймагт хэсэгчилсэн, 6 аймагт ерөнхий төлөвлөгөө хийх ажил үргэлжилнэ. Чингис бондын 50 сая доллараар санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Орон сууц барих компаниудыг орон нутгийн удирдлагууд өөрсдөө сонгоно.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

Орон нутгийн удирдлагууд намын харьяаллаас болж нэг нэгнээ халж солих нь манай тогтолцооны гажиг. Энэ асуудлыг өргөн хэлэлцэх хэрэгтэй. Сумын засаг даргыг иргэд өөрсдөө, харин аймгийн засаг даргыг Ерөнхий сайд сонгодог болвол зүгээр. Засгийн газраас орон нутгийн удирдлагын орон тоог зохицуулах хэрэггүй. Энэ хэргийг тухайн газрын удирдлагад даатгах хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ