“Утаагүй зуух” агаарын бохирдлыг 20 хувиар бууруулжээ
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
2013.11.28
Байгаль Орчин, Аялал жуулчлал

“Утаагүй зуух” агаарын бохирдлыг 20 хувиар бууруулжээ

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахаар Монгол Улсын Засгийн газар олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Үүний нэг нь Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Цэвэр агаар сангийн “Утаагүй зуух” хөтөлбөр юм. Улаанбаатар хотын 100 гаруй айл өрх “Утаагүй зуух”-аар хангагдаад байна. Өчигдөр Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон Засгийн газрын тусгай сан, Цэвэр агаар сангийн захирал Д.Баасан тэргүүтэй албаныхан “Утаагүй зуух”-ны туршилт, шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү лаборатори нь Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн дэргэдэх лаборатори бөгөөд Цэвэр агаар сангийн хүрээнд нийлүүлэгдэж буй сайжруулсан зуухнуудыг шинжлэх, турших үүрэгтэй юм. Одоогийн байдлаар тус лабораторид шинжлүүлэхээр 10 аж ахуйн нэгжээс 15 төрлийн зуух ирүүлснээс туршилт ын дүнд шаардлага хангасан дөрвөн төрлийн зуух байгаа юм.

Энэ нь Сэлэнгэ констракшны “Өлзий зуух”, Рояал Өүшн ХХК-ын “Дөл зуух”, Элмеко ХХК-ийн “Талст зуух”, Их тэнгэрийн хүч ХХК-ийн “Векас 107” зуух юм. Энэ лаборатори хамгийн бага утаа гаргадаг, түлш түлээний зарцуулалт бага, аль болох хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд зохицсон зуухыг шалгаруулах юм. Туршилтаар утаа бага гаргадаг 15 зуухыг шалгасан бөгөөд “Өлзий”, “Том дөл”, “Талст”, “Бекас-107” гэсэн зуухууд шалгарсан байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Мөрөн хотын утаа нийслэлээс дутахааргүй болсон

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан би “Утаагүй зуух”-ны лабораторитай танилцаад, харилцан санал солилцлоо. Аймгийн төвүүдийн утаа нийслэлээс дутахааргүй болсон. Тэр тусмаа манай Хөвсгөл аймгийн Мөрөн хот хүн амаараа улсдаа дөрөвт ордог.

Одоогийн байдлаар Мөрөн хотод 10800 гаруй айл өрх амьдарч байна. “Цэвэр агаар сан”-гаас энэ жил эхний 200 айлд “Утаагүй зуух” олгохоор болсон. Гэтэл 10800 гаруй өрхөөс 200 өрхөд олгохоор бохирдол буурч байгаа эсэх нь мэдэгдэхгүй. Тиймээс нэг аймгийг тэр чигт нь “Утаагүй зуух”-аар хангаад, утаа хэрхэн буурах эсэхийг туршаад үзэх хэрэгтэй. Хэрвээ амжилтад хүрч байвал хамгийн их утаатай аймгуудаас эхлээд “Утаагүй зуух”-аар хангаад явах боломжтой юм.  

“Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд нийлүүлэгдэх зууханд тодорхой хэмжээний шалгуур тавьж, уг лабороториор шалгуулж байгаа бөгөөд дараах шаардлагыг хангасан тохиолдолд хөнгөлөлттэй үнээр ард иргэдэд нийлүүлж байгаа гэнэ.

Зууханд тавигдах шалгуур үзүүлэлт
•    Зуухны хүчин чадал: 3 kW-aac багагүй байх;
•    Нарийн тоосонцор: РМ2.5 хувьд 70 мг/мЖ
•    Нүүрстөрөгчийн дутуу исэл: 7 гр/ мДж хүртэлх.
•    Ашигт үйлийн коефициент: 70% дээш
•    Дотоод орчин: Гал асаах, мод нэмэх үед гэрт утаа болон үнэр гарахгүй байх
•    Битүүмжлэл сайн байх
•    Агаарын урсгал: Зууханд агаар орж ирэхээр тохируулгатай байх
•    Хийц, ашиглалтын хугацаа: Өргөхөд хөнгөн, хамгийн багадаа 5 жил ашиглах

Үйлдвэрлэгч/Нийлүүлэгчид тавигдах шаардлага
•    Зуух нь лабораторийн туршилтыг давсан байх;
•    4 долоо хоногт 6000 зуух үйлдвэрлэх хүчин чадалтай байх
•    Зуухандаа 2 жилийн баталгаат хугацаа өгөх
•    Хэрэглэгчдэд зуух ашиглалтын болон аюулгүй ажиллагааны заавар өгөх
•     Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх
“Утаагүй зуух” төсөлд дараах 15 зуух ирснээс дөрвийг нь сонгосон байна.

ШИНЭ МЭДЭЭ