Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид уулзлаа
Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.12.05
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид уулзлаа

Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид,  бүх сумын нутгийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчдийг хүлээн авч, ажил хэргийн уулзалт зохион байгуулав.

Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Энх-Амгалан нутгийн зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа аймаг орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажил, Улсын төсвөөр болон хувийн зүгээс хийсэн томоохон хөрөнгө оруулалт, нутгийн зөвлөлийн цаашдын үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж явуулах, сумдыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд сумдын нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах, томоохон арга хэмжээ зохион байгуулах болон Хөвсгөл нутгаас төрөн гарсан алдартнууддаа хүндэтгэл үзүүлэхэд зориулсан сан байгуулах зэрэг олон асуудлаар мэдээлэл хийж тэргүүлэгчид, сумдын нутгийн зөвлөлийн дарга нарынхаа саналыг сонсож, ярилцлаа. 

Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд” оны шилдгүүдийг шалгаруулах сүлд модны наадам 2013 оны 12 сарын 13-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд энэ арга хэмжээнд сумын нутгийн зөвлөлүүд идэвхтэй оролцохоо илэрхийлж байлаа. “Хөх сувд” оны шилдгүүдийг шалгаруулах шинэ жилийн арга хэмжээг Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутгийн зөвлөлийн дарга, “Энсада Трактон” ХХК-ийн захирал Э.Болдсайхан нар ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохоор боллоо. 

Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдээс Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн төлөөлөгчийн газрыг байгуулах, байнгын мэдээллээр хангах, сан байгуулах зэрэг олон шинэлэг санал гаргалаа. Тус уулзалтад Хөвсгөл аймгийн 19 сумын нутгийн зөвлөлийн дарга нар хүрэлцэн ирж оролцсон байна.  

ШИНЭ МЭДЭЭ