МАН-ын 27 дугаар Их хурлын үр дүнгийн талаар тус намын шинэ удирдлагууд мэдээлэл хийлээ.
2013.11.05
Улстөр

МАН Удирдах зөвлөлийн гишүүдээ танилцууллаа

МАН-ын 27 дугаар Их хурлын үр дүнгийн талаар тус намын шинэ удирдлагууд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон Удирдах зөвлөлийн шинэ гишүүд оролцсон юм.

МАН-ын дарга М.Энхболд “Их хурлаас намын үйл ажиллагааны шинэчлэлтэй холбоотой олон чухал нэмэлт. өөрчлөлтийг оруулсан "МАН-ын Үндсэн дүрэм"-ийг хэлэлцэн баталлаа. Энэ баримт бичиг нь гишүүд бидний чандлан мөрдвөл зохих Үндсэн хууль мөн.

МАН-ын хичээн эрмэлзэх зүйлд эх орноо хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, тайван, аюулгүй эрх чөлөөт амьдралтай болгохоор эрхэм зорилгоо болгон тодорхойлсон. Бид үйл ажиллагаандаа хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан ил тод нээлттэй байж, бодлого шийдвэр гаргахдаа ард иргэд, гишүүд дэмжигчдийнхээ хүсэл зоригийг илэрхийлж байхаар өөрчлөлт орууллаа” гэв.

Харин генсек Ж.Мөнхбат хүчтэй, бүтээлч сөрөг хүчин байхын тулд зохион байгуулалтаа сайжруулах ёстойг дурдаад хариуцлагын тогтолцоо бол амжилтад хүрэх гол түлхүүр мөн хэмээв.

МАН-ын Бага хурлын 310 гишүүний сонгуультай хамт Хяналтын ерөнхий хорооны 15 гишүүний санал хураалт явагдсан. Энэхүү 15 гишүүний наймынх нь буюу 57 хувийн хамгийн их санал авсан Н.Цагаанхүүг Хяналтын ерөнхий хорооны даргаар томилжээ.

Мөн Ерөнхий нарийн бичгийн даргын өрсөлдөөнд нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, "Монголын үнэн" сонины Ерөнхий эрхлэгч М.Мөнхбат болон Швед Улсад Элчин сайдаар сууж байгаад ирсэн Б.Энхмандах нар нэр дэвшин өрсөлдсөнөөс Ж.Мөнхбат 148 буюу 55 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар тодорсныг дахин дурдав.

Мөн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохдоо Их хурлаар оруулсан нэмэлт өөрчлөлтийнхөө дагуу томилсон бөгөөд нэлээд онцлогтой, шинэчлэгдсэн удирдлага болж чадсан гэв. Тухайлбал, удирдах албан тушаалтны 25 хувь нь эмэгтэйчүүд байх заалтыг биелүүлж, орон тооны бус нарийн бичгийн даргаар 33 настай Х. Булгантуяаг сонгосон бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Сарангэрэл болон П.Анужин, С.Оюунбилэг гэсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл Удирдах зөвлөлд багтжээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
1.    Жамъянгийн Мөнхбат /Ерөнхий нарийн бичгийн дарга/
2.    Хүрэлбаатарын Булгантуяа /нарийн бичгийн дарга/
3.    Түдэвхүүгийн Гантулга /нарийн бичгийн дарга/
4.    Нямаагийн Энхболд /нарийн бичгийн дарга/
5.    Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ /нарийн бичгийн дарга/
6.    Жаргалтулгын Эрдэнэбат /нарийн бичгийн дарга/
7.    Отгонбилэгийн Содбилэг /нарийн бичгийн дарга/
8.    Чимэдийн Хүрэлбаатар /нарийн бичгийн дарга/
9.    Долгорсүрэнгийн Сумьяабазар /нарийн бичгийн дарга/
10.  Цэндийн Нямдорж/удирдах зөвлелийн гишүүн/
11.  Янгугийн Содбаатар /удирдах зөвлөлийн гишүүн/
12.  Лувсанцэрэнгийн Энх-Амгалан /удирдах зөвлөлийн гишүүн/
13.  Даваажанцангийн Сарангэрэл /удирдах зөвлөлийн гишүүн/
14.  Апмаликийн Тлейхан /удирдах зөвлөлийн гишүүн/
15.  Дамдины Цогтбаатар /удирдах зөвлөлийн гишүүн/
16.  Пүрэвдоржийн Анужин /удирдах зөвлөлийн гишүүн/
17.  Санжаагийн Оюунбилэг/удирдахзөвлөлийн гишүүн/
18.  Цэндсүрэнгийн Сандуй /удирдах зөвлөлийн гишүүн/
19.  Дуламсүрэнгийн Оюунхорол /удирдах зөвлелийн гишүүн/
20.  Намхайн Төмөрхүү /удирдах зевлөлийн гишүүн/
21.  Баатарын Амарсанаа/удирдах зөвлөлийн гишүүн/

ШИНЭ МЭДЭЭ