УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.10.18
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Энэ онд цалин, тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмээгүй

ТВ9 телевизийн “Focus talk” ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцлоо.

-Таны тухайд МАН-ын бүлгээс гарсан төсөв болоод мөнгөний бодлогод дүгнэлт хийж буй ажлын хэсгийн гишүүн байгаа. 2014 оны төсвийг танай намын зүгээс ямар байдлаар харж байна вэ?

-2014 оны төсөв бол манай улсын нийт өрхийн орлого ямар байх, юунд зарцуулагдах, цалин, тэтгэвэр нэмэгдэх эсэх, сургууль цэцэрлэгийн хангамж хүрэлцээ ямар байх гээд хүн бүрт хүртээлтэй асуудал учраас иргэд төсөвт анхаарлаа төвлөрүүлж байна.

Энэ үед Засгийн газар УИХ-д 2014 оныхоо төсвийг өргөн барьсан. Мөн 2013 оны төсвийн тодотгол, Монголбанкнаас мөнгөний бодлого өргөн барьсан чухал цаг үе болж байна. Засгийн газраас нэг алдаатай зүйл хийсэн нь эхлээд төсвийн тодотголоо өргөн барих ёстой байсан ч төсвийнхөө араас тодотголоо өргөн барьсан.

Манай намын бүлэг энэ гурвыг зэрэг хэлэлцэх байр суурьтай байгаа. 2013 оны төсөв 1,5 их наядаар тасарч байна. Энэ нь 2013 оны төсвөө үндэслэл муутай хийж, маш их өөдрөгөөр батлуулсантай холбоотой.

-Төсвийн зарцуулалт буруу явагдсанаас болж энэ их алдагдал хүлээгдээд байгаа юм болов уу?

-Төсвийн тодотголыг оруулж ирэхдээ урсгал зардлуудаа ерөөсөө танасангүй. 1,5 их наядаар хийх ёстой байсан хөрөнгө оруулалтын 30-хан хувь нь, үндсэндээ гурван төсөл хийх ёстой байснаас нэгийг нь л хийсэн. 2013 онд эдийн засаг руу маш их хэмжээний мөнгө орсон. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын мөнгө, Чингис бондын 1,5 тэрбум долларын нэг тэрбум нь эдийн засаг руу орсон.

Монголбанк, Засгийн газрын хамтарч хэрэгжүүлж буй үнэ тогтворжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөгийн санхүүжилт эдийн засаг руу орсон байна. Манай эдийн засаг импортын эдийн засаг учраас үнэ тогтворжуулах нэрээр гаргасан гурван их наяд буцаад урагшаа гарсан.

Маш өндөр өртөгтэй үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн ч иргэдийн хүлээж байсан үнийн өсөлтийг барьж чадсангүй.

Монгол руу буцаад импорт болж орж байгаа учраас долларын ханш хөдөллөө. Ингэснээр олон зуун мянган иргэд хохирч байна. Доллараар зээл авсан олон компаниуд, үндэсний аж ахуйн нэгжүүд, хувь иргэд бий. Мөн хадгаламжиндаа мөнгөтэй иргэдийн монгол төгрөгийн худалдан авах чадвар нь өөрөө 20 орчим хувиар буурлаа.

-Монгол улсын гадаад өр нэмэгдсэн шалтгаан юу байв. Энэ тал дээр таны байр суурь?

-2014 оны төсвийг хууль зөрчиж өргөн барьсан. Яагаад гэвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтыг зөрчсөн. Энэ нь ямар заалт гэхээр өрийнхөө хэмжээг нэмэгдүүлэх байдлаар орж ирсэн. Өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувьд хүрэх ёстой байтал 60 хувь буюу одооныхоо өрийг дахиад өсгөх байдлаар оруулж ирсэн.

-Чингис бондын 1,5 тэрбум доллар өр үү, биш үү?

-Бонд гэдэг өөрөө өрийн бичиг гэсэн үг. Тэгэхээр 1,5 тэрбум доллар бол хугацаатай, хүү төлж байгаа учраас зээл. Зээл гэдэг нь монголчуудын хэлдгээр өр. Саяхны судалгаагаар өнөөдөр таны амьдралд ямар асуудал тулгарч байна вэ гэсэн асуултад нийт иргэдийн 60 гаруй хувь нь үнийн өсөлт гэсэн байна.

Бид өнөөдөр мах, гурил, бензин шатахуун, барилгын үнийг тогтворжуулахаар гурван триллион төгрөгийг эдийн засаг руу оруулсан. Маш их өндөр өртөгтэй үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн ч иргэдэд хүсч хүлээж байсан үнийн өсөлтийг барьж чадсангүй. 2013 онд бид цалин, тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмээгүй.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...

ШИНЭ МЭДЭЭ