УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллав
УИХ-ын Гишүүн, Л.Энх-Амгалан тойрогтоо ажиллав
2013.09.23
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллав

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Түнэл, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант сумын хөдөөгийн багийн 1500 орчим иргэд, малчидтай уулзлаа.

Гишүүн Л.Энх-Амгалан томилолтынхоо эхний өдөр Уньт-Тариалангийн автозамын ажилтай танилцав. Кувейтийн сангийн хөрөнгөөр баригдаж байгаа энэ зам олон жил яригдсан ч ажлын явц муу, Солонгосын компани зам барих тендерт ялсан ч ажил нь урагшлахгүй байгаа юм байна.

Засгийн газраас 2013 онд зургаан аймгийг нийслэлтэй холбоно хэмээн зарласан ч Уньт-Тариалан-Мөрөн чиглэлийн зам ирэх жил ч ашиглалтад ороход хүндрэлтэй байдалд оржээ. Харин өнгөрсөн жилээс эхэлсэн Л.Энх-Амгалан гишүүний санаачилж, ажлыг нь эхлүүлсэн Мөрөн- Тосонцэнгэлийн 70 орчим км замын ажил 90 орчим хувьтай бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ.

Тосонцэнгэл-Их-Уул-Тариалангийн замын ажил эрчимтэй хийгдэж байгаа талаар нутгийн удирдлага, иргэд ярьж байсан. УИХ-ын гишүүн томилолтоо Тариалан сумын Артархи, Тавантолгой, Сэлэнгэ, Баянхошуу, Давааны ар, Эрдэнэбулган сумын Жичин, Бөөрөлж, Удган, Чандмань-Өндөр сумын Ёлгос', Нуурмагт, Шивэрт, Хөхөө, Түнэл сумын Бийж, Навчилтай, Тосонцэнгэл сумын Багатахилт, Их Тахилт, Олонбулаг, Мухар хөндий, Их-Уул сумын Шивээ, Асгат, Их-Уул, Мандал баг, Рашаант сумын Тээл, Талын ус, Энх-Тал зэрэг нийт 25 багийн иргэдтэй уулзалт хийж УИХ-ын Хаврын чуулганаар батлагдсан хууль, тогтоол, Намрын чуулганаар батлуулахаар өргөн баригдсан хуулийн талаар мэдээлэл хийж, өөрийн санаачлан батлуулсан “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн зүйл заалтыг дэлгэрэнгүй тайлбарлаж, харилцан ярилцлаа.

Мөрөн-Тосонцэнгэлийн замын ажилтай танилцав

Ойн тухай хуульд өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн ойн албаны дарга Р.Жаргалсайханыг багийн уулзалтын үеэр байлцуулж, ойн байгууллага, иргэд малчдын хоорондын зөрүү ойлголтыг нэг мөр болгох, хууль дагаж гаргасан журмуудыг боловсронгуй болгож, иргэдэд хуулийг зөв тайлбарлах, сурталчлан таниулах хэрэгтэйг анхааруулав.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дээрх багийн иргэдтэй уулзах үеэр Ойн тухай хууль, Хүнсний тухай хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль,Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Тэтгэврийн даатгалын тухай, газрын багц хуулийн тухай хуулийн талаар санал бодлоо солилцож, иргэд малчидтай харилцан ярилцав.

Өргөн баригдсан дээрх хуульд иргэдийн санал чухал үүрэгтэй гэдгийг ч тэмдэглэж байлаа. 2013 оны төсвийн тухай хуулиар сум бүрт 180-280 сая төгрөгийн төсвийг Орон нутгийн хөгжлийн сан нэрээр хуваарилдаг болсон бөгөөд иргэд нийтийн хурлаар шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлаа эрэмбэлж, дарааллын дагуу санхүүжилтээ хийдэг тогтолцоо үйлчилдэг болсон.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн зүгээс 2014 оныхоо иргэд нийтийн хурлыг хийж хөрөнгө оруулалт хийх шаардлагатай асуудлаа эрэмблэх, ялангуяа хөдөөгийн багийн иргэдийнхээ хурлыг чанартай хийж, малын үүлдэр угсаа сайжруулах, худаг ус гаргах зэрэг хөдөөгийн багууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг Орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэж болохыг зөвлөж байсан.

Багийнхаа иргэд нийтийн хурлаар ахуй хэрэглээний болон түлшний модоо бэлтгэх гоожин олгох, багт хийх хөрөнгө оруулалтын асуудлыг ярилцах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцдэг болсон учраас иргэд, малчид өөрсдөө багийнхаа хуралд идэвхтэй оролцох хэрэгтэй гэдгийг ч гишүүн Л.Энх-Амгалан хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ