“Рио Тинто” 5.7 тэрбумын хөнгөлөлт эдэлж болох уу?
УИХ-ын Гишүүн, Л.Энх-Амгалан
2013.09.20
Улстөр

“Рио Тинто” 5.7 тэрбумын хөнгөлөлт эдэлж болох уу?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.

-УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авлаа. Завсарлага авах болсон шалтгаан юу байв? 

-Бүлэг өчигдөр/ ээлжит бусаар хуралдаад Урт нэртэй хууль, Түгээмэл тархацтай, ашигт малтмалын тухай хууль, Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төслүүдтэй холбоотойгоор холбогдох мэргэжлийн яамдаас нь мэдээлэл сонсох, мөн судлах асуудал байна гэж үзээд завсарлага авсан.

-Гэхдээ завсарлага нэрээр танай намын бүлэг ээлжит бус чуулганд дэгээ тавиад байгаа юм биш үү?

-Цөөнхийн бүлэг дэгээ тавилаа гэж ойлгож болохгүй, гол нь УИХ эдгээр хуулийн төслүүдийг баталсан нөхцөлд том төслүүдээс орж ирэх татвар хэдий хэмжээгээр буурах вэ гэдгийг зайлшгүй тодруулах шаардлага гарч ирсэн.

Жишээ нь Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төсөл дээр бүлгээс тооцоо хийж үзэхэд зөвхөн Оюутолгой төсөлд 5.7 тэрбум ам.долларын хөнгөлөлт өгөх болж байгаа. Оюутолгой орд 1850 тонн алтны нөөцтэй. Төсөл хэрэгжих хугацаанд 1 унци алт 1300 ам.доллар байлаа гэж тооцоход Оюутолгой компани 7.5 хувийн хөнгөлөлт эдлэнэ.

Яагаад гэвэл одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд алтны компаниуд 10 хувийн татвар төлдөг, харин дээрх хууль батлагдсан нөхцөлд алтны нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувиар тооцохоор 7.5 хувийн хөнгөлөлт эдэлж, тэр хэмжээгээр 5.7 тэрбум ам.долларыг “Рио Тинто” компанид зүгээр алдах болж байгаа. Ийм л учраас асуудлыг тодруулах шаардлага үүсч, завсарлага авсан хэрэг л дээ.

 -УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Ерөнхийдөө цөөнхийн бүлэг төслийг дэмжиж байна уу гэж харагдсан. Гэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг тойруулаад гишүүд “Том компаниудад татварын хөнгөлөлт эдлүүлэх нь” гэж нэлээд шүүмжилсэн. Төсөлд 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд татварын хөнгөлөлт эдлүүлнэ гээд заачихсан хэрэг үү? 

15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн компанид татварын чөлөөлөлт үзүүлнэ гэсэн заалт тусаагүй.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол зорилго нь хөрөнгө оруулагчдыг, хувийн хэвшлийн салбараа гадаад, дотоод, том, жижиг гэж ялгаварлахгүйгээр дэмжихэд чиглэдэг. Энэ ч агуулгаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн гэж ойлгож байгаа.

Татварын хөнгөлөлт, чөлөөлтийн тухайд хэлэхэд, энэ төсөлд 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн компанид татварын ямар нэг хөнгөлөлт , чөлөөлөлт үзүүлнэ гэсэн заалт тусаагүй. Харин Монгол Улсад мөрдөгдөж байгаа дөрвөн төрлийн татварууд тогтвортой байх тухай л заалт орсон.

Тодруулж хэлбэл, гадаадын, дотоодын компани хэн ч байсан Монгол Улсад үйлчилж байгаа дөрвөн төрлийн татварыг оруулсан хөрөнгийн хэмжээнээсээ хамаарч 5, 10 жилээр тогтвортой мөрдөх тухай асуудал юм. Үүнийг нь баталгаажуулж хөрөнгө оруулсан компанид Хөрөнгө оруулалтын хэмжээгээр нь гэрчилгээ олгоно. Хаа, хаанаа үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

Одоогийн нөхцөл байдлыг авч үзэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан байгаа, Оюутолгой төслийг оруулахгүйгээр. Энэ юуг харуулаад байна вэ гэхээр Монголд хөрөнгө оруулалтын орчин муудсан, хөрөнгө оруулах итгэл буурсныг харуулж байгаа.

Яаж энэ байдлаас гарах вэ гэхээр хөрөнгө оруулагчид “Танай энэ татвар дахиад өөрчлөгдчих юм биш биз” гэж болгоомжилж байна. Тийм учраас татвараа өөрчлөхгүй гэдэг баталгааг гэрчилгээгээр дамжуулаад олгох, мөн энэхүү хууль бусад орны Хөрөнгө оруулалтын тухай хуультай харьцуулахад илүү өрсөлдөх чадвартай, илүү давуу талыг олгож байх ёстой. Ийм мессежийг гадаад болоод дотоодын хөрөнгө оруулагч нартаа түгээсэн цагт хөрөнгө оруулалт аажмаар сэргэнэ.

Өөр нэг зарчмын байр суурь бол УИХ-аас батлах Хөрөнгө оруулалтын тухай хууль нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудаас муудаж болохгүй.

-Муудах заалтууд байгаа хэрэг үү?

-Жишээ авъя, Монголын Засгийн газар Оюутолгой компанийн хөрөнгө оруулагч нартай 30 жилийн гэрээ байгуулж, мөн 10-аад нэр төрлийн татвараас чөлөөлчихөөд дотоодын компанитайгаа дөрвөн нэр төрлийн татвараа тогтворжуулаад, 10-н жилийн гэрээ хийвэл дэмжих биш бүр муутгаж байгаа хэрэг. Хэрэв Оюутолгойтой барьцана гэвэл. Тэгэхээр өмнө байсан хуулиасаа заалт нь илүү сайжирвал хөрөнгө оруулалтыг жинхэнэ утгаараа татаж, дэмжинэ гэж харж байгаа. 

-Гэхдээ 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан нөхцөлд гадаад, дотоодын компанид адилхан нөхцөл тавихаар үндэсний компаниуд өрсөлдөх чадвар сул байгаа үед гадаадын хөрөнгө оруулалттай компанид цохигдчихсон юм биш байгаа даа. Энэ хэмжээний хөрөнгө гаргаад явах дотоодын компани цөөн л байгаа болов уу. Эргээд энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголд монофоль байдал үүсгэчихгүй байгаа. Төсөл дээр эл асуудлыг тодруулж болохгүй юу? 

-Шинэчлэлийн Засгийн газар өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын салбараа тодорхой болгоогүй. Ирээдүйд хөрөнгө оруулалтын салбараас уул уурхай юу, аж үйлдвэр үү, аль эсвэл мал аж ахуйн салбараа дэмжих үү гэдэг тодорхойгүй байна. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа энэ асуудлыг тодорхойлж, бодлого хэрэгжүүлэх ёстой.

Хоёрдугаарт, цахилгаан станц, төмөр зам зэрэг дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд эргээгээд ашгаа өгөхдөө урт хугацаа шаарддаг. Тийм учраас удаан хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхдөг төслүүдэд хөрөнгийн хэмжээ нь их байх учраас хугацаа нь урт байх ёстой гэх логикийг мөрдөх ёстой болов уу.

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд агентлаг байгуулахаар тусгасныг танай бүлэг дэмжиж байгаа юу?

-Бүлэг дэмжихгүй байгаа, Засгийн газрын данхайсан бүтцийг дахиж нэмж болохгүй гэж үзсэн.Төсөв хүндрэлтэй үед төрийн данхайсан бүтэц байгуулах нь зардлыг өсгөнө. Тэгээд ч энэ Засгийн газар агентлагийг татан буулгасан юм шүү дээ.

-УИХ-аар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд “Сан” байгуулах асуудал дээр эрсдэл байна гэж нэлээд ярилаа. Үүнийг яаж зохицуулах ёстой вэ?

2010 оны байдлаар статистик

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл нь Хөрөнгийн биржээ амь оруулах гэсэн санаа. Хөрөнгө оруулалтын сангүй Хөрөнгийн бирж дэлхийн аль ч оронд байдаггүй. Монголын хөрөнгийн биржийн өдрийн гүйлгээ хоёр сая төгрөг гэж байна.

Нэг өдөр хоёр сая төгрөгийн гүйлгээ хийдэг Хөрөнгийн биржтэй улс байж болохгүй биз дээ, түүнийгээ Монголын Хөрөнгийн бирж гэж хэлж болох уу. “Наран туул” худалдааны төвийн барааны захын нэг лангууны өдрийн орлогоос долоон дор Монголын Хөрөнгийн бирж байж болохгүй шүү дээ.

Хөрөнгийн зах зээл Монгол Улсын эдийн засгийн нүүр царай болж байх ёстой. Өнөөдөр компаниуд хувьцаагаа гаргаад нээлттэй компани болж байх ёстой. Иргэд ганцхан хадгаламжид мөнгөө хадгалах биш эргээд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж өгөөжийг хүртэх ёстой. Үүнийг амь оруулах гол эс нь Хөрөнгийн оруулалтын нээлттэй сан.

Хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын хаалттай сан, Нээлттэй сан гэсэн хоёр сантай холбоотой заалт бий. Хаалттай сан бол ойлгомжтой мөнгөө гаргасан нь эрсдлээ өөрөө хүлээнэ. Харин Нээлттэй сангийн хувьд ард иргэдээс мөнгө татсаны дараагаар Хадгаламж зээлийн хоршоо шиг нөхцөл байдал үүсчих вий, эрсдэл бий болсон нөхцөлд төр үүрчих вий гэдгийг анхааруулаад байгаа юм.

Маш олон Хадгаламж зээлийн хоршооны эрсдэл, “Анод”, “Зоос” банкны эрсдлийг төр үүрсэн. Төрийн мөнгө гэдэг нь татвар төлөгчдийн л мөнгө. Татвар төлөгчдийн мөнгөөр эрсдэл хийсэн хэсэг бүлэг хүмүүсийн эрсдлийг хаагаад байж болохгүй. Бидэнд гашуун туршлага байгаа учраас иргэдээс мөнгө татаж байгаа.

Нээлттэй санд эрсдэл үүссэн нөхцөлд түүнийг яаж зохицуулах вэ гэдгийг энэ хуулиар бий болгох ёстой. УИХ-аас Банкны хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталж гаргасан, түүнтэй адилаар хамгаалах ёстой. Нээлттэй сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, компанийн гаргасан бонд, хувьцаанд зарцуулна.

Гэтэл компанийн бонд хувьцаа эрсдэлтэй бол яах вэ, энэ тохиолдолд төр эрсдэл үүрэх ёсгүй. Хөрөнгө оруулалт гэдэг бол эрсдэл байдаг, тийм учраас анхнаасаа хэрэгжихдээ энэ бүхэн тодорхой болох ёстой гэж үзэж байгаа.

Хоёрдугаар асуудал нь, цэнхэр, ягаан тасалбарын хэрүүл өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа. УИХ-аас өнгөрсөн хавар Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг батлахтай холбогдож УИХ-ын тогтоол гаргасан. Тогтоолд долоон арга хэмжээ авахаар заасан байдаг, түүний нэг нь цэнхэр, яагаан тасалбар тараагаад татан буугдсан ч юм шиг буугдаагүй ч юм шиг олон компани бий.

Өнөөдөр 153 мянган иргэний 4.1 сая ширхэг хувьцаа байна гэж байна. Үүнийг нэгмөр шийдвэрлээд дараагийнхаа Хөрөнгө оруулалтын сан байгуулах процесс руу орох ёстой. Өмнө нь брокер диллерийн компаниуд хамтын сан ч байсан, хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ч байсан.

Тэгэхээр хуульд хамтын сан, хөрөнгө оруулалтын сан гэж орж ирж байгаа нөхцөлд Хөрөнгийн бирж банктай адилхан ард түмний итгэлцэл дээр явдаг бизнес учраас энэ асуудлаа нэгмөр болгож, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиа хэрэгжүүлэх ёстой гэж хэлэхийг хүсч байна.

-Хөрөнгийн бирж дээр өдөрт хоёр сая төгрөгийн арилжаа хийгдэж байна гэлээ. Өнгөрсөн хавар УИХ-аас Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг баталсан. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл Монголын хөрөнгийн биржийн арилжаа эрчимжихгүй байна вэ. Хөрөнгө оруулалт саарч эдийн засгийн өсөлт буурсан учраас уу, эсвэл иргэдэд хөрөнгийн зах зээлд оролцож ашиг орлогоо нэмэгдүүлэх ойлголт хангалтгүй нь нөлөөлөөд байна уу. Яагаад Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байна вэ?

-Эдийн засаг муудсантай л холбоотой. Манайд үйлчилж байгаа банкны тогтолцоог харахаар иргэдээс хямд хүүтэй зээл аваад компаниудад өндөр хүүтэй зээл болгож өгдөг. Хэрвээ хөрөнгийн зах зээл хөгжөөд эхэлбэл, хямд хүүтэй эх үүсвэрийг татах бололцоо бүрдэж, компаниуд өндөр хүүтэй банкны зээл аваад байх шаардлагагүй болно. Энэ тогтолцоог бий болгох ёстой.

Нэг ёсны эдийн засаг өснө гэдэг нь хөрөнгийн зах зээл хөгжихийн эхлэл юм. Эдийн засаг муудаад байгаа учраас компанийн хувьцаа унаж хэн ч уналттай хувьцаа авахгүй болно. Эдийн засгийн амин судас нь хөрөнгийн зах зээл гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас УИХ-аас Хөрөнгийн зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батлах ёстой. Үнэт цаасны тухай хуулиа амьдралд хэрэгжүүлээд явах ёстой.

-Бүлгийн дарга Н.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүлгийн дүгнэлт танилцуулсан. Тэрхүү дүгнэлтэд “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлтээ УИХ-д танилцуулах ёстой. Ээлжит бус чуулганаар Төсвийн тодотгол, мөнгөний бодлогыг хэлэлцэх нь илүү оновчтой байлаа” гэж хэлсэн. Шалтгаан нь юу юм бэ?

-Манай бүлгийн байр суурь, дүгнэлт тодорхой. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн зорилго нь улс оронд үүсээд байгаа эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлд үнэлэлт дүгнэлт өгсөн. Маш сайн дүгнэлт гаргасан., үүнийг олон нийтэд ил болгоё, УИХ-дээр хэлэлцье гэсэн.

Ээлжит бус чуулганы зорилго нь нэр бүхий хуулийн төслүүдийг баталж гаргахын өмнө улс оронд үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал тэр дундаа яагаад валютын ханш өсчихөв, хөрөнгө оруулалт яагаад буурчихав, төсвийн орлого яагаад тасарчих вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх ёстой гэж үзэж байгаа юм.

Тэгэхгүй бол УИХ-аас маш олон хууль баталдаг, тэр нь эргээд гай болох тохиолдол цөөнгүй байна шүү дээ. Сэтгэлийн хөөрлөөс болдог уу тооцоо судалгаа муу гаргаж хууль баталдаг. Эсвэл сонгууль дөхсөн үед ард түмэнд таалагдах гэж хууль баталдгийн харгайг эцэст нь ард түмэн үүрч байна. Валютын ханш нэмэгдсэнээр цагаан будаа, элсэн чихрийн үнэ өсч иргэдийн эрх ашгийг хөндөж байна.

Банкнаас ам.доллараар зээл авсан компаниудын хувьд ханшийн зөрүү гарч зардал их гарч байна. Монгол Улсын зах зээл импортын зах зээл. Тийм болохоор энэ нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэг нь ээлжит бус чуулганы гол зорилго байх ёстой. Тэр үүднээс төсвөө яръя, төсвийн орлого 1.5 их наядаар тасарлаа. Төсвийн зардлуудаа яаж бууруулах юм, үр ашиггүй зардлаа яаж танах юм.

Төр бүх бизнест оролцдог боллоо.  Тийм учраас яаж балансыг зөв барих вэ гэдгээ эхлээд оношлоё, мөн яаж эмчлэх юм, гарах арга зам нь юу байна вэ гэдгийг тодорхойлъё. Үе шаттайгаар явуулъя гэсэн л санаа. Түүнээс хаврын чуулганаар амжаагүйгээ эсвэл гэнэтийн хэний захиалгаар үл ойлгогдох хуулийн төслүүд орж ирээд түүнийг нь цаг хугацаанд баригдан яаравчилж батлах нь эргээд эдийн засагт том хохирол учруулж болзошгүй юм шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ