Л.Энх-Амгалан: МАН-ын бүлэг таван хуулийн төслөөс гурвыг нь дэмжихгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Л.Энх-Амгалан
2013.09.20
Улстөр

Л.Энх-Амгалан: МАН-ын бүлэг таван хуулийн төслөөс гурвыг нь дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Л.Энх-Амгалантай уулзаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүд, улс оронд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалд ямар дүн шинжилгээ хийж, асуудлыг хэрхэн харж байгаа талаар нь ярилцлаа.

-Таны хувьд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэ­лэл­цэж байгаа Хөрөнгө оруу­лалтын тухай хууль хэр үр дүнтэй, одоогийн хямралт байдлыг зохицуулахад ямар ач холбогдолтой гэж харж байна?

-Ерөөсөө УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хурал­дуулж байгаа нь эдийн засгийн хямралтай, валютын нөөц багассан, ам.долларын ханш өсч тэр хэмжээгээр өргөн хэ­­рэглээний барааны үнэ нэ­мэг­дэж, ард түмний нуруун дээрх ачаа нэмэгдсэн, гадаадын хө­рөнгө оруулалт буурсан зэрэг өнөөдрийн хүндрэлт байдлаас л үүдэлтэй шүү дээ. Эдийн засагт үүсээд байгаа хямралаас гарах, гадаад, дотоод хүчин зүйлээ нягтлан ярилцахаас өөр гарц харагдахгүй байна. Энэ ч үүднээс эрх баригчид УИХ-ын ээлжит бус чуулганыг зар­лан хуралдуулж байгаа нь ойлгомжтой. Одоо хэлэлцэж байгаа Хөрөнгө оруулалтын ту­хай хуулийн төслийг МАН-ын бүлэг авч хэлэлцээд амьдралд арай үр өгөөжтэй, гадны хөрөнгө оруулагчдын өмнө унасан Мон­гол Улсын нэр хүндийг бо­гино хугацаанд сэргээхэд илүү ач холбогдолтой гэж үзээд дэм­жихээр шийдсэн.

-Та бүхэн 2013 оны эхний найман сарын эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтийг хам­гийн сайн мэдэж байгаа. Төс­вийн орлогын бүрдүүлэлт, гад­­ны хөрөнгө оруулалт, Мон­гол Улсын гадаад орчин гээд баярлах зүйл бага байгаа. Ер нь төсөв хүндрэхээр л урьд нь гаргасан хуулиндаа гар хүрдэг уламжлал тогтсон гэдэгтэй та санал нийлэх үү?
2013 оны хагас жилийн гүйцэтгэлийг 2012 онтой харьцуулахад га­даадын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурсан байна.

-Бас шуудхан тэгж дүгнэх нь өрөөсгөл юм л даа. Ер нь бол эдийн засаг, санхүүд хүндрэл учирсан уу гэвэл учирсан. 2013 оны хагас жилийн гүйцэтгэлийг 2012 онтой харьцуулахад га­даадын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурсан байна. Энэ бол их том тоо. Экспорт төлөвлөж байснаас хол зөрүүтэй буурлаа. Валютын ханшны өсөлт нь манай бүх иргэдийн халаасыг тэмтэрч, эдийн засагт хамгийн сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.

-Валютын ханшны өсөлт өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөх нь тодорхой. Та үүнийг их энгийн жишээн дээр талбарлахгүй юу?

-За яах вэ. Энгийн жишээн дээр тайлбарлах гээд үзье. Жи­­шээ нь та банкинд сая төг­рөгийн хадгаламжтай байлаа гэж бодъё. Гэтэл банкинд хүү­тэй хадгалуулсан таны сая төгрөг өнөөдөр худалдан авах чадвараараа найман зуун мянган төгрөгтэй тэнцэх хэмжээнд л оччихлоо шүү дээ.

Ам.доллараар худал­даж авдаг элсэн чихэр, будаа, ургамлын тос гээд өргөн хэ­рэглээний бүх барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа нь мон­голын 2.8 сая иргэн бүрт то­дорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байгаа.

Энэ бол хамгийн энгийн тайлбар. Ам.доллараар худал­даж авдаг элсэн чихэр, будаа, ургамлын тос гээд өргөн хэ­рэглээний бүх барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа нь мон­голын 2.8 сая иргэн бүрт то­дорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байгаа. 2013 оны төс­вийн тухай хуулийг УИХ-аар батлахдаа нэг ам.долларыг 1330 төгрөг байхаар төсөвт тусгасан боловч өнөөдөр нэг ам. доллар 1700 төгрөгтэй тэнцэж байгаа нь төсөвт багагүй ачаалал үүсэх нөхцөл бүрдүүллээ.

-УИХ-ын ээлжит бус чуул­ганаар Хөрөнгө оруу­лалтын тухай хуулийг яарч сандран хэ­лэлцэж байгаа нь гадаад, до­тоодын олигархжсан хөрөн­гөтнүүдийн дарамт, шахалтад монголын төр автсаны тодор­хой нотолгоо гэх хүмүүс олон байгаа. Энэ талаар та ямар бодолтой явна?

-Нэр устай үндэсний цөөн хэдэн том компаниа олигар­хж­сан хөрөнгөтнүүд, тэдний гар хөл болсон улстөрчид Хөрөнгө оруулалтын тухай хуулийг гар өргөн батлахаар улайрч байна гэж дайрч давшлах нь хэзээ ч олигтой үр дүн авч ирэхгүй. Тэдэнд зориулсан хөнгөлөлт, чөлөөлөлт байгаа юм шиг манай иргэдэд буруу ойлгогдох зүйл их байна.

Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын ту­­­­хай хуульд татварын ямар ч хөнгөлөлт, чөлөөлөлт байхгүй. Байж ч болохгүй юм. Гадаад, дотоодынх байна уу, хот, хө­дөөгийнх байна уу ямар ч ял­гаа, зааг байхгүй. Ямар нэгэн хө­рөнгө оруулалт хийсэн л бол тат­варынх нь орчинг тогт­вортой байлгая гэдэг дээр УИХ зарчмын тохиролцоонд хү­рээд байна. Ерөнхийдөө одоо хэлэл­цэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын ту­хай хуулийн нэр нь л ийм болохоос гол үзэл ба­римт­лал нь Монгол Улсад хү­чин төгөлдөр мөрдөгдөж бай­гаа татварын ор­чингоо л тогт­вортой, найдвартай болгоё гэсэн санаа яваад байгаа юм.

-Ер нь татварын орчинг жи­рийн иргэд биш, улстөрчид та бүхэн л санаатай, санамсаргүй өөрчилдөг нь нууц биш шүү дээ. Энэ байдал давтагдахгүй гэх баталгаа байна уу?

-Сүүлийн 10 гаруй жилийг одоо эргээд дүгнэхэд сонгууль дөхөхөөр л манай татварын орчин тогтворгүй болоод бай­сан нь яалт ч үгүй үнэн. То­дорхой улстөрийн намууд, улс­төрчид, УИХ-ын гишүүд са­­­­наач­­лагаараа бизнесийн то­дор­хой бүлэглэлийн эрх ашигт ний­цүүлэн янз бүрийн татварын хууль батлуулж, тэр нь эр­гээд улс орны эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэн ихээ­хэн хохирол учруулсны ба­лаг өнөөдөр ч дуусаагүй үргэл­жилж байна.

Монголын төр хөрөнгө оруулагчдыг үргээх биш татварын орчингоо тогтвортой байлгана гэсэн амлалтыг ажил хэргээрээ харуулах учиртай юм.

Түүнчлэн Засгийн газар со­лигдох эгзэгтэй үеийг таа­руу­лан өөрсдөдөө ашигтай хууль батлуулж байсан гашуун түүх ч байж л байна. Мөн жил бүрийн төсөв орж ирэхэд татварын хуу­лиуд савладаг гажиг байсаар л байгаа нь хөрөнгө оруулагчид болгоомжлох үндсэн шалтгаан болж байна. Уг нь монголын төр хөрөнгө оруулагчдыг үргээх биш татварын орчингоо тогтвортой байлгана гэсэн амлалтыг ажил хэргээрээ харуулах учиртай юм. Тэгж байж монголыг со­нирхох гадаадын том хөрөнгө оруулагчид олширч, дотоодын аж ахуйн нэгжүүд ч зоригтой ажлаа хийх боломж бүрдэх учиртай.

-Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын ту­хай хуулийн төсөл нь үнэ­хээр алдаа мадаггүй сайн бол­сон хэрэг үү. МАН-ын бүлэг хоёр гараа өргөн дэмжинэ гэсэн болохоор л ингэж асууж байна л даа?

-Ажил хийж байгаа хүн ямар нэгэн алдаа гаргадаг. Энэ хуулийн төсөлд ч зайлшгүй засах ёстой алдаа харагдаж байна. Дутуу зүйл ч их байна. Ер нь аль ч улс орны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн амин сүнс нь гадаад, дотоодын хө­рөнгө оруулагчдыг хөхиүлэн дэмжихэд л оршдог.

Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд энэ талаар юу ч алга. Хоёрдугаарт одоо нэгэнт Монгол Улсад хөрөнгөө оруулчихсан байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд яаж хандах нь тун бүрхэг байна. Гуравдугаарт хөрөнгө оруу­лалт хийсэн хэмжээнээсээ шалтгаалан тав, 10,15 жилээр тогтвортой байд­лын гэрчилгээ авах зааг ялгааг маш тодорхой болгож өгөх шаардлагатай. Энэ бүхнийг одоо хэлэлцэж бай­гаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд тус­гаж чадвал өнөө­дөр Монгол Улсад үүсээд бай­гаа эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс богино хугацаанд га­рах боломжтой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгаа юм.

-Энэ хуульд аж ахуйн нэгжээ бүртгүүлэхдээ 100 мян­ган ам.доллар төлөх ёстой гэсэн нь амьдралд хэрэгжих бо­ломжгүй гэж шүүмжилж бай­гаа. Та үүнийг аль талаас нь харж байна?

-Энэ 100 мянган ам.доллар бол гадаадын иргэн Монгол Улсад аж ахуйн нэгж байгуу­лахад тавьж байгаа шалгуур үзүү­­лэлт юм л даа. Үндсэндээ одоо­гийн ханшаар 170 сая төгрөгтэй бол монголд аж ахуйн нэгж байгуулж болно гэсэн үг юм. Энэ бол зөвхөн гадны хөрөнгө оруулагчдад хамаа­тай болохоос монгол хүнд хамаарахгүй. Энэ шалгуурыг миний хувьд зөв гэж үзэж байна. Монголчууд өөрсдөө хийж чадах хоол хүнс, үйлчилгээ, соёл, ахуйн салбарт сүүлийн үед гадныхан хошуурах болсон нь аж ахуйн нэгж бай­гуулах шалгуур үзүүлэлт бага байгаатай холбоотой. Харин өнөөдөр бид­ний хийж чадахгүй, хөрөнгө санхүү яалт ч үгүй дутагдаад байгаа уул уурхай, хүнд аж үйлдвэрийн салбарт гадны хө­рөнгө оруулалтыг бүх талаар дэмжих нь одоо хэ­лэл­цэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын ту­хай хуулийн гол зорилго юм.

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар 2009 онд батлагдсан уул уурхайтай холбоотой “Урт нэртэй хууль”-д гар хүрэх нь тодорхой болсон. Энэ асуудалд уул уурхайн жаргал, зовлонг сайн ойлгодог хүний хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ дахь МАН-ын бү­лэг хуралдаад “Урт нэртэй хууль”-ийн журманд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэсэн дүгнэлт гаргасан. 2009 оны до­лоодугаар сард батлагдсан энэ хууль өнөөдрийг хүртэл хэрэг­жихгүй байгаа ч хууль эрх зүйн хүрээнд их чамбай, сайн хууль болсон. Бидний тавьж байгаа гол үндэслэл нь УИХ-д өргөн баригдсан Эрдэс баялгийн сал­барт баримтлах бодлогын баримт бичгээ эхлээд гаргая, түүний дараа энэ тухай ярих ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаа.

Ер нь одоо өргөн баригдсан таван хуулиас МАН-ын бүлэг Хөрөнгө оруулалтын тухай, Хө­рөнгө оруулалтын сангийн ту­хай хуулийн төслийг л дэмжинэ. Нөгөө гурвыг нь дэмжихгүй, завсарлага авна.ё

ШИНЭ МЭДЭЭ