Л.Энх-Амгалан гишүүн хоёр асуулга, хоёр асуулт  тавьжээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.09.10
Зам, Тээвэр

Л.Энх-Амгалан гишүүн хоёр асуулга, хоёр асуулт тавьжээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хаврын чуулган завсарласнаас хойш бүрэн эрхийнхээ хүрээнд дөрвөн сайдад хоёр асуулт, хоёр асуулга хүргүүлжээ. Тэрээр асуулт, асуулгууддаа сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймгийн ард иргэд, малчдын амьдрал ахуйтай холбоотой асуудлыг хөнджээ.

Эхнийх нь БОНХ-ийн сайд С.Оюунд Хөвсгөл аймгийн Дархадын хотгорын байгаль орчны төлөв байдлын талаар мэдээлэл өгөхийг хүссэн асуулга юм. Тэрээр Дархадын хотгорын цөлжилтийн байдлыг судалсан эсэх, цаашид судалж тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж,

“Дархадын хотгорын цөлжилттэй тэмцэх" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх талаар хөндсөн байв. Мөн цөлжилтийн эсрэг тэмцэхэд олон улсын байгууллагуудыг татан оролцуулах, тодорхой санхүүгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах талаар сайдаас мэдээлэл авахыг хүссэн байна.

Түүнчлэн БШУ-ы сайд Л.Гантөмөрөөс ЕБС-ийн сурагчдын дотуур байрыг шинэчлэх, шинээр барихдаа хөдөөгийн сургуулийн байршил, хэв шинжийг хэрхэн харгалзаж үздэг талаар лавлажээ.

Дотуур байрны өнөөгийн орчин нөхцөл, хүүхдийн хоолны хүрэлцээ, чанар, аюулгүй байдлын баталгааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, дотуур байрны хангамжийг сайжруулах чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилгын биелэлтийн талаар асуулга тавьжээ.

Асуулт, асуулгууддаа сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймгийн ард иргэд, малчдын амьдрал ахуйтай холбоотой асуудлыг хөнджээ.

Харин ҮХАА-н сайд Х.Баттулгад хандан бэлчээрийн усан хангамжийг сайжруулах талаар асуулт тавьсан байна. Ингэхдээ өөрийн хөрөнгөөр уст цэг, худаг гаргасан малчин өрхөд урамшуулал олгох, энэхүү эдийн засгийн хөшүүргээр дамжуулан ашиглагдахгүй бэлчээрийг эргэлтэд оруулах боломжтой эсэхийг лавласан байна.

Шинээр худаг гаргах хүсэлтэй малчдыг мэдээллээр хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх талаар тодорхой мэдээлэл шаардлагатайг онцолжээ.

Л.Энх-Амгалан гишүүн эцэст нь Зам тээврийн сайд А.Гансүхэд Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутгийн хэвтээ болон босоо тэнхлэгийн авто замын ажлын явц, шинээр баригдахаар төлөвлөсөн зам гүүрний зураг төсөв,

2013-2016 оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх зам, гүүрийн хөрөнгө оруулалтын ажилд нэмэлтээр тодотгох шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын талаар асуулт тавиад байна. Эдгээр асуулт, асуулгын хариуг холбогдох Байнгын хорооны хуралдаан, чуулган дээр өгөхийг сайд нараас хүсчээ.

ШИНЭ МЭДЭЭ