Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа.
2013.07.02
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр шийдвэрлэв

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.07.02/ хуралдаанаар хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Иргэний танхимд хэлэлцүүлэх явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээс өмнө “Төрөөс эрдэс баялгийн салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн уг баримт бичгийг боловсруулах чиглэлийг Уул уурхайн яаманд өгсөн байна.

Үүний дагуу салбарын эрдэмтэд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулан байгуулан дээрх баримт бичгийг шинэчлэн боловсруулжээ.

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулахдаа олон улс, гадаад орны бодлогын баримт бичгийг судалж, бодлогын баримт бичгийг боловсруулдаг зарчмыг баримталсан гэж сайд танилцуулгадаа дурдсан юм.

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулахдаа олон улс, гадаад орны бодлогын баримт бичгийг судалж, бодлогын баримт бичиг боловсруулах зарчмыг баримталсан.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” хэрэгжсэнээр улсын эдийн засаг оруулах уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын Нэг цонхны бодлого бодитойгоор хэрэгжиж, эдийн засгийн хөгжил дан ганц салбараас хамааралгүйгээр олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн үндэс бүрдэнэ гэж тэрбээр онцолсон юм.

Сайдын танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Гишүүдийн зарим нь нөөцтэй л байгаа бол орд газруудаа ашиглаад байх уу, чухам хэрхэн олборлолт явуулах, боловсруулалтыг хэрхэн хийх вэ гээд эрдэс баялгийн салбарт асуудал олон байдаг учир энэ асуудлыг ажлын хэсэг байгуулан, намуудын төлөөллийг оролцуулан нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд уг тогтоолын төслийг олонхийн саналаар хэлэлцэхээр шийдвэрлэн, Ажлын хэсгийг ч мөн байгуулав.

Энэхүү асуудлын дараа Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ