УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тойрогтоо ажиллаж байна.
2013.06.27

Багийн иргэд Ойн тухай хуулийн төсөлд саналаа илэрхийлэв

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүтэй нэр бүхий гишүүд  Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрөгч 6 дугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан юм.  

Өнөөдрийн мөрдөж байгаа Ойн тухай хуульд ой ашиглах эрхийн бичиг олгох, гарал үүслийн гэрчилгээ олгох, ойг гэрээгээр эзэмшигчидтэй гэрээ байгуулах зэрэг ажлуудыг сум дүүргийн эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэж байгаа нь ойн хуулийг гажуудуулах, ойд явуулах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах боломжийг алдагдуулж байна гэсэн мэргэжлийн байгууллага, иргэдийн саналыг үндэслэн энэ чиг үүргийг байгаль хамгаалагчид хариуцуулах нь зүйтэй гэж үзэн төсөлд тусгасан байна.

Энэ дагуу Хөвсгөл аймгийн 11 сум 12 багийн иргэдээс ойн тухай хуульд оруулах шаардлагатай гэсэн саналыг сонсож, хуулийг иргэдээ сонсож боловсруулах ажлыг хийсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт

Хөвсгөл аймагт ой хариуцсан хэлтсийн дарга нь ойн тухай хуулийг буруу тайлбарлаж, сумдын удирдлагуудад шахалт үзүүлдэг, энэ нь олон мянган малчдыг ахуйн хэрэглээний мод бэлтгэхэд хүнд суртал болдог талаар иргэд ярилаа.

Мөн  ойг түймрээс хамгаалах талаарх нийтлэг шаардлагыг хуульчлан тогтоож, орон нутагт төрийн нэрийн өмнөөс ойг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалагчийн эрх үүргийг нэмэгдүүлэх шаардлага байгааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тайлбарлаж байлаа.

Манай улсад гарч байсан ой, хээрийн түймрийн олон жилийн статистик бүртгэлээс үзэхэд жилийн нийт түймрийн 95 хувь нь хүний хариуцлагагүй, галтай болгоомжгүй харьцдаг, хууль биелүүлдэггүй үйлдлийн шалтгаанаар гарсан гэсэн тоо баримт байдаг юм .

ШИНЭ МЭДЭЭ