УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.05.20

Иргэд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ

Монголын Хөрөнгийн бирж, Лондонгийн Хөрөнгийн биржтэй томоохон гэрээ, хэлцэл хийж ажил нь эхлээгүй байгаа ч хуулийн орчин нь хүлээгдсээр үр дүнг нь энгийн иргэд ч үзэж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Хөрөнгийн зах зээл нь хөгжөөгүй иргэд зөвхөн банкинд мөнгөө өгч, бага хүүтэй мөнгөө хүүлүүлж, харин банкууд нь өөр эх үүсвэргүйг далимдуулж зээлийн асар өндөр хүүтэйгээр явж ирсэн. Энэ зах зээлийг шинэ хуулийн өөрчлөлт жинхэнэ утгаар нь өөрчилнө гэж үзэж байгаа юм. Монголын уул уурхайн томчууд өөрийн зах зээлд хувьцаагаа гаргаж, иргэд хувьцааг нь  худалдан авах боломж шинэ хуулиар гарна гэж хуулийн төсөл санаачлагч хэлж байна.

Хууль гарсанаар энэ зах зээл дээр ямар өөрчлөлт гарахаар хүлээгдэж байгаа вэ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Манай 2,8 сая иргэн бүгдээрээ Эрдэнэс Таван толгойн хувьцаа эзэмшигч болсон. Харамсалтай нь иргэд энэ хувьцаагаа захиран зарцуулах ямар ч эрх байхгүй. Нөгөө талдаа өөрсдийнхөө төлөөллийг бий болгох ямар ч эрх байхгүй.

Ийм асуудлыг “Үнэт цаасны тухай хууль” дээр тодорхой болгох ёстой гэж ойлгож байна. Хөрөнгийн бирж бол улсын үйлдвэрүүдийг хувьчлах зорилгоор байгуулагдсан. Ингээд иргэдэд цэнхэр ягаан тасалбарыг тараасан ч энэ нь ямар ч үр дүн өгөөгүй.

Монголд өмнө нь байгаагүй чухал чухал заалтуудыг оруулж өгсөн.

Энэ хууль шинэчлэгдэн гарч байгаа нь иргэд энэ үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэж байгаа. Мөн уул уурхайн салбарт манай Монголын баялаг дээр компани байгуулаад гадаадын хөрөнгийн бирж дээр мөнгө босгодог, буцааж хөрөнгө оруулалт хийдэг компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдах эрх байдаггүй.

Гадаадын зах зээл дээр гарсан энэ компаниудын хувьцааг Монголчууд гадаадын брокер дилерээр дамжуулж авч байгаа. Хууль батлагдсанаар Монголчууд өөрсдийн эрдэс баялаг дээр тулгуурлаж гадаад олон нийтийн компани болгосон энэ компанийхаа хувьцааг үндэснийхээ хөрөнгийн биржээр дамжин хувьцаа эзэмших боломжтой.

Түүнчлэн хөрөнгийн зах зээл дээр хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг сангуудыг хөрөнгийн бирж дээр оруулж ирэх үйл ажиллагаа бас энэ хуулиар зохицуулагдана. Монголд өмнө нь байгаагүй чухал заалтуудыг оруулж өгсөн.

ШИНЭ МЭДЭЭ