Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан
2013.05.15

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийлээ.

Олон улсад хэрэглэдэг гарцаагүй нэр томъёог уг хуульд монгол хэлээр буулгаж, гадаад нэрийг нь хаалтад оруулах байдлаар тусган боловсруулсан юм байна.

Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо дээрх хуульд багтсан нэр томьёоны тайлбар толь гаргахаар төлөвлөжээ. Үнэт цаасны зах зээлд гарсан маргаан таслах зөвлөлийг ажиллуулах асуудлыг мөн хуульд тусгасан талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан гишүүдэд мэдээлэв.

Хөрөнгийн зах зээлийг хөгжлийн гол суурь болсон Үнэт заасны зах зээлийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг, дэд хороо нийт зургаан удаа хуралдаж, санал, дүгнэлтээ нэгтгэсэн байна.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар санал хураалгахаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэг бүрчлэн гишүүдэд танилцуулж, санал хураан шийджээ. Харин уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр харьяалах Байнгын хороодод шилжүүлэхээр болов.

Төрийн зүгээс эдийн засаг, бизнесийн салбар уруу хэтэрхий орсноос төрийн капитализм үүсэх гол нөхцөл үүсээд буйг Л.Энх-Амгалан гишүүн шүүмжиллээ.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг мөн өчигдөр хийдээ.

Нийт 200 гаруй хуулийн төслийг өөрчлөх, шинэчлэн найруулахаар дээрх үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хоорондын уялдааг хангахад гол анхаарлаа хандуулж ажилласнаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлэлцүүлгийн үеэр хэлсэн.

Төрийн зүгээс эдийн засаг, бизнесийн салбар уруу хэтэрхий орсноос төрийн капитализм үүсэх гол нөхцөл үүсээд буйг Л.Энх-Амгалан гишүүн шүүмжлээд, төр ямар үед эдийн засаг, бизнесийн салбарын үйл ажиллагаанд хэрхэн оролцохыг зохицуулах хуультай болох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл засаглалын шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлэхэд анхаарахыг сануулав.

Тендер зарлах хугацаа л гэхэд 50-70 хоног, дотоод бичиг баримтын эргэлт удаан зэргээс болж ажил удааширдаг тухай тэрбээр хэлсэн. Яг энэ асуудлыг шийдвэрлэж, засаглалын шийдвэрийг шуурхай болгох хэд хэдэн хуулийн төслийг боловсруулаад буйгаа Х.Тэмүүжин сайд дуулгасан юм.

Ийнхүү гишүүд хуулийн төслүүдийг хэлэлцсэний дараа Ажлын хэсэг болоод нэр бүхий гишүүдийн гаргасан саналын дагуу Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын сангийн тухай, Баялгийн сангийн тухай, Бүсийн хөгжлийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзсэнийг гишүүдийн олонх дэмжиж, уг дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

ШИНЭ МЭДЭЭ