Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2025.02.19

Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Гурван өдөр үргэлжлэх цуврал хэлэлцүүлэг өнөөдөр (2025.02.19) “Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн, Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.

Ажлын хэсэг стандартын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг тэрбээр дурдаад, нэн тэргүүнд барилгын салбар, үргэлжлүүлэн хүнс, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны стандарт, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгүүдийг төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл, мэргэжилтэн, судлаачдын оролцоотойгоор өрнүүлж, тулгамдаж буй асуудлуудын шийдлийн талаар санал солилцохоор зохион байгуулж буйг танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд 6700 стандарт мөрдөгдөж байгаагийн 44 хувь нь олон улсын жишигт нийцсэн, үлдсэн 56 хувийг нь өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа талаар О.Батнайрамдал гишүүн тэмдэглээд, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа олон асуудлын шийдэл, гарц нь стандартын хэрэгжилт, хяналттай шууд хамааралтай байдгийг хэлсэн юм. Барилгын салбарт мөрдөгдөж буй 642 стандарт байдаг ч 2024 оны судалгааны дүнд 167 буюу 26 хувийг нь үргэлжлүүлэн мөрдөх боломжтой, бусдыг нь шинэчилж, өөрчлөх шаардлагатай гэдэг дүгнэлтийг салбарынхны зүгээс Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулжээ.

Ийнхүү хэлэлцүүлэг эхэлж, Барилгын ерөнхий хуулийн төсөлд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн талаар тусгасан байдлын талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг танилцуулав.

Монгол Улсын анхны хот байгуулалтын бодлого, барилгын норм дүрмүүд 1944 онд бий болж, Барилгын тухай хуулийн анхны төслийг 1988 онд боловсруулж, 1992 оноос барилгын салбар хувийн хэвшилд нээлттэй болжээ. 1993 онд Хот байгуулалт, барилга, архитектурын тухай хуулийг баталж, эрх зүйн орчин шинэчлэгдсэн байна. Үргэлжлүүлэн барилгын салбарын эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, 14 бүлэг 89 зүйлтэй барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Д.Батзориг дарга дэлгэрэнгүй танилцуулсан. Хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болон олон улсын жишиг, судалгаа, төслөөр эрх зүйн орчныг хэрхэн өөрчилж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Төслөөр зохицуулах харилцааг өргөтгөн, ерөнхийлж буйгаараа онцлог гэв. Тодруулбал, барилгын салбарын нэгдсэн бодлогын хүрээнд барилга болон дэд бүтцийн байгууламж /цаашид хамтад нь ”барилга байгууламж” гэх/-ийн төрөл, ангилал, барилга байгууламжийн бүх төрлийн ажил, үйл ажиллагаа эрхлэх буюу төлөвлөх, зураг төслийг боловсруулах, зөвшөөрөл олгох, барьж байгуулах, ашиглалтад оруулах, ашиглах, барилга байгууламжийн материал, бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, тэдгээрт тавигдах шаардлага, барилгын салбарын оролцогчдын чиг үүрэг, даатгал, гэрээ, хяналт шалгалт, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахаар төлөвлөж байгаа гэв. Төслийг боловсруулахдаа талуудын оролцоог хангахын зэрэгцээ бусад улс орны жишиг, норм, нормативын талаарх судалгаа, мэдээллийг ашиглаж, харьцуулсан талаараа тэрбээр танилцуулсан юм.

Дараа нь “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирал Т.Пүрэвхатан барилга байгууламжийн норм, нормативын сангийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. Тэрбээр барилга байгууламжийн норм, нормативын сангийн зорилго, сан бүрдүүлэлт, зарцуулалт, төлөвлөлт болон хяналт, журмуудын талаар танилцуулав.

Тус сан нь барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн судалгаа хийх, боловсронгуй болгох, өөрийн орны нөхцөлд тохирсон үндэсний норм, нормативын баримт бичгийг боловсруулах, батлуулах болон хэвлүүлэх, сурталчлахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зориулалтын дагуу зарцуулах үйл ажиллагааг зохицуулдаг байна. Сангийн бүрдүүлэлт холбогдох хуулийн дагуу явагддаг бөгөөд 9-13 гишүүний бүрэлдэхүүн бүхий удирдах зөвлөл, мөн 5 гишүүний бүрэлдэхүүн бүхий хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүний талаар танилцуулав. Тус сангийн үйл ажиллагааны журмыг 2019 онд баталсан байдаг бөгөөд энэ дагуух үйл ажиллагаа болон сангийн үйл ажиллагаанд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ийн үүрэг, оролцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан.

Салбар хоорондын уялдааг хангаснаар норм, норматив боловсруулах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг тэрбээр илтгэлдээ дурдаад, нэг норм норматив боловсруулж, батлахад 2-3 жил үргэлжилдэг талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улсын барилгын салбарт өнөөдөр 191 норм, дүрэм байдаг бөгөөд 2024 онд 4 норм дүрэм батлагдсан бол 14 цомог, аргачлал, 20 стандарт батлагдсан байна. Үргэлжлүүлэн тулгараад буй асуудал, тэдгээрийг шийдэх гарц, шийдлийн талаар танилцууллаа.

Хэлэлцүүлэг Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайханы “Хотын стандарт, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлээр үргэлжиллээ. Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг, хууль тогтоомжид нийцүүлэн нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээнд Хотын стандартыг 2022 оноос хойш НИТХ гурван удаа баталсан байна. Хотын стандартын хэрэгжилтийн талаар Г.Баярсайхан дарга дэлгэрэнгүй танилцуулаад, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.

Тэрбээр барилгын салбарын тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаар, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Барилгын тухай хууль болон барилгын чиглэлээр гарсан техникийн зохицуулалт, үүнтэй тохирлын үнэлгээ хэрхэн холбогддог талаар товч мэдээлэл өгөв. Техникийн зохицуулалт нь нийтээр заавал дагаж мөрдөх ёстой, хүрээлэн байгаа орчин болон хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах зорилготой, аюулгүй байдлын үзүүлэлт, шаардлагуудыг тусгасан баримт бичиг байдаг. Барилгын салбарт техникийн ийм зохицуулалт 2023 он нэг удаа баталсан байна. Тус салбарт мөрдөгдөж буй стандартуудын ихэнх нь бүтээгдэхүүний техникийн шаардлагуудтай холбоотой, мөн шинжилгээний арга, аргачлал байдаг байна.

Тохирлын үнэлгээний итгэмжлэл нь эрх бүхий байгууллагаас тохирлын үнэлгээний байгууллага нь тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн чадвартайг тогтоож, хүлээн зөвшөөрөх ажиллагаа бөгөөд барилгын салбар дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт нь 2023 оны гуравдугаар сарын 15-нд батлагдсан. Иргэдийн амь нас эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, амьтан, ургамалыг хамгаалах, худалдан авагчийг төөрөгдүүлэхээс урьдчилан сэргийлэх зэргээр аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхой заасан байдаг байна. Монгол Улсад 44 лаборатори барилгын чиглэлээр сорилт шинжилгээ гүйцэтгэж байгаа аж. Үүний 33 нь итгэмжлэгдсэн, 17 нь төрийн мэдлийн, 27 нь хувийн хэвшлийнх юм байна.

Бүтээгдэхүүнийхээ чанарыг дотооддоо хянадаг дотоод хяналтын 8 лаборатори, барилга байгууламж дээр техникийн хяналт хийдэг 13 байгууллага байгаа аж. Үүний 10 нь үл эвдэх сорилт хийдэг буюу барилга байгууламжийг улсын комисс хүлээж авахын өмнөх шатад тухайн барилга байгууламж дээр эвдэхгүйгээр сорилт хийгээд энэ итгэмжлэгдсэн хяналтын байгууллагуудын дүгнэлт мэргэшсэн ажилчдын дүгнэлт нь үндэслэж тухайн барилгыг улсын комисс хүлээж авах эсэх шийдвэр гардаг. Барилга байгууламжийн хийц эдлэл дээр техникийн хяналт хийдэг 3 байгууллага байна. Үргэлжлүүлэн тэрбээр 2024 онд Монгол Улсын хилээр нэвтэрсэн тодорхой төрлийн барилгын материалуудын хэмжээг танилцуулж, үүнд хийж буй шинжилгээний нөхцөл байдлыг танилцуулаад импортын барилгын материалууд нь дотоодын стандартыг хангаж буй эсэхийг баталгаажуулах боломжгүй байгааг хэлж байв. Үргэлжлүүлэн тэрбээр тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх саналаа дэлгэрэнгүй танилцуулсан.

“Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Я.Сумхүүгийн “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл” илтгэлээр үдээс өмнөх хэлэлцүүлэг үргэлжилсэн. Тэрбээр Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын салбарын хууль тогтоомж, баримт бичгүүдийн талаар дурдаад, олон улсын жишиг, түүнд дотоодын эрх зүйн орчноо нийцүүлэх боломж, шаардлагын талаар саналаа танилцуулсан. Дараа Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ахлах багш Г.Адъяажав барилга, байгууламжийн стандартын өнөөгий байдал, цаашид авах арга хэмжээний гарц, шийдлийн талаар илтгэл танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа бөгөөд тэрбээр хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийлэх үеэрээ хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд стандарт, түүний хэрэгжилт нь нэн чухал гэдгийг тэмдэглэж байв.

Улсын Их Хурлын гишүүд, салбарын яамны төлөөлөл, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжилтэн, судлаачид зэрэг 150 гаруй төлөөлөл оролцсон “Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг дээрх илтгэлүүдийн хүрээнд хэлэлцүүлгээ өрнүүлж, саналаа солилцсоноор өндөрлөв.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Засгийн газартай хамтран зохион байгуулж буй “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг үдээс хойш "Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.