Х.Баттулга: Ирэх долоо хоногт бүх баримтыг гаргана
2012.03.23

Х.Баттулга: Ирэх долоо хоногт бүх баримтыг гаргана

-Түүний АТГ-т өгсөн материалд С.Батболд, Ц.Нямдорж,Ч.Хүрэлбаатар нарын нэр орсон гэнэ-

УИХ-ын гишүүн Х.Баттулга Авилгатай тэмцэх газарт өчигдөр очиж зарим улстөрчтэй холбоотой материалыг өөрийн биеэр өглөө. Түүний удирддаг МоАХ-ны гишүүд, дэмжигчид мөн АТГ-т хамт очсон юм. Материалыг АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр хүлээж авав. Харин АТГ-ын дарга М.Ганболд эзгүй байсан юм. Уг нь АТГ-т материал хүргэж өгнө гэдгээ утсаар урьдчилан мэдэгдсэн ч газрын дарга нь эзгүй байлаа. Х.Баттулга гишүүн материалынхаа талаар ийн тайлбарлав.

Х.Баттулга:

-Би Үндэсний олон нийтийн телевизийн ярилцлагад орохдоо Монгол оронд нүүрлэсэн, улс орныг эцээж, ядрааж, туйлдуулж байгаа авилгын талаар тодорхой  эзэнтэй, баримттай ярьсан. Ярилцлагадаа энэ тухай мэдээллээ АТГ-т, прокурорын газарт өгнө гэдгээ хэлсэн. Та бүхэн үзэж тооцоо хийсэн байх. М.Ганболд дарга саяхан томилогдсон. Түүнийг УИХ-аар томилох үеэр авилгын эсрэг тэмцэнэ гэж ам тангаргаа өгсөн. Эмч, багш, шүүгчийн асуудлыг авилга гэж тооцохгүй. Авилга төрд нүүрлэжээ. УИХ, Засгийн газарт ороод ирсэн байна. Ард түмний амьдрал туйлдан ядуурч байгаа нь үүнтэй холбоотой. Уг нь АТГ биднийг тэсэн ядан хүлээж бараг хадаг сүүтэй угтах байх гэж горьдсон юм. Би буруу тооцжээ. Энэ тоглоом биш шүү. Аймаг, сумын Засаг даргын тухай биш. 1990 онд  МоАХ нийгмийг өөрчлөхдөө иргэн бүр баян сайхан амьдарна гэж тооцсон. Өнөөдөр авилга гэсэн том хэрэм дунд хэдхэн хүний аз жаргалтай амьдралаар Монгол Улс хязгаарлагджээ. Би хамгийн сүүлийн баримтыг аваад ирлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар олон жил томилогдон ажилласан нөхөр Ц.Нямдоржийн өөрийнх нь хэвлэлд өгсөн ярилцлагыг авчирлаа. Тэрээр ярилцлагадаа Зайсанд Ухаа худгийн байранд урсгал зардал буюу 300-400 мянган төгрөг төлөөд амьдардаг гэжээ. Тэр нь хүний байр юм байна. Тэр өөр хүний байр юм бол Ц.Нямдоржийг давуу эрхээр байрандаа суулгадаг байна. Энэ бол авилгын нэг хэлбэр. Танайд зүйл анги нь байгаа болов уу. Та нар баримт нэхдэг. Энэ бол баримт. Саяхан Германы Ерөнхийлөгч зөвхөн орон сууцны зээлд хамрагдахдаа иргэнээс хөнгөлөлттэй нөхцөл авсны дагуу огцорсон байх жишээтэй. АТГ-ын албан хаагчид өргөсөн тангаргынхаа дагуу үнэнч шударга ажилладаг байх. Та нарт итгэж байна. Надтай холбоотой их зүйл ярьж байгаа. Энэ талаар ирэх долоо хоногт тайлбар хийнэ.

Ч.Өнөрбаяр:

-Манайх иргэд, байгууллагуудаас авилгын шинжтэй мэдээллийг авч хуулийн хүрээнд шалгаж, хугацаанд нь үндэслэлтэй хариу өгөх үүрэгтэй. Энэ хүрээнд ажиллаж та бүхэнд хариу өгнө. Энэ мэдээлэл манайд албан ёсоор тавигдсан тул хүлээн аваад бүртгэж гарын үсэг зуруулна.

Х.Баттулга:

-Та нар ямар дарамтад ажиллаж байгааг бид мэдэж байна. Албан тушаалтан дарамталж байгаа. МоАХ-ны хүчийг ашигла. Бид та нарыг хамгаална. Нэг акул, тул бариад авахаар болиулж байгааг мэдэж байна гэв. Үүний дараа АТГ-т хүлээлгэн өгсөн баримтад чухам юу байгааг хэвлэлийнхэн Х.Баттулга гишүүнээс тодруулав.

-Таны энэ материалд юу байгаа юм бэ?

-УИХ-ын тогтоол гарсан хэрэгжихгүй байна. Эрх барьж байгаа сайд, дарга нар нь холбогдсон байна. Энэ болохгүй гэж ярьсан зүйлээ баримтжуулж өгсөн юм. Би энэ байдалтай тэмцээгүй. МоАХ гэдэг орон даяар сүлжээтэй том байгууллагыг толгойлж байгаагийн хувьд энэ ажлыг хийх ёстой. Цаашид ч хийнэ. АТГ байгуулагдаад хэдэн жил болов, хэнийг барив. Дарамт л байсан байна. Энэ удаад ч АТГ-ын дарга нь дарамтад ороод эзгүй байсан болов уу. Ямар хариу өгөхийг бүгдээрээ хүлээе.

-Таныг төмөр замын нууц гэрээ байгуулсан гэж сайд Ц.Нямдорж мэдэгдсэн. Энэ үнэн үү?

-Энэ тухай ирэх долоо хоногт бүх баримтыг гаргана. Засгийн газрын сайд нууцаар гэрээ хийж гадаадынхан нууц гэрээнд мөнгө өгөөд нууцаар төмөр зам барина гэж байх уу. Хар тамхи, зэвсгийн наймаа, бусад зүйлээр нууц гэрээ хийдэг юм болов уу даа. Ийм зүйлд хууртагдаж болохгүй. Ц.Нямдорж өөр зүйл рүү юмыг зайлуулдаг аргатай хүн. Тэгээд л явж байгаа юм. Харин би энд өөр зүйл ярьж байгаа.

-Ц.Нямдорж сайдаас өөр нэр энэ баримтад байгаа юу?

-Ерөнхий сайд байгаа шүү дээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт бий. Нөгөө фракцынхан нь бүгдээрээ байгаа шүү. Хангалттай баримт байгаа.

-Хууль эрх зүйн хувьд та ийм баримт АТГ-т авчирч өгч болох уу?

-Иргэд, байгууллага мэдээлэл өгөх эрхтэй. Та нар ч ийм баримт өгөх эрхтэй шүү дээ.

Нийтлэлч
М.Цэцэг
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.