Х.Тэмүүжин:
Үндсэн хуулийн гол хэмжүүр хүний эрхийн төлөө чиглэгддэг
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой 2024 онд тохиосон. Харин Ардчилсан Үндсэн хуулийн 33 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин Үндсэн хууль, Үндсэн зарчим, Хууль зүйн салбарын өөрчлөлт сэдвээр сэтгүүлчидтэй уулзаж, ярилцсан юм.
Манай Үндсэн хуульд, энэ хуулийн амин сүнс болох иргэний эрхийг баталгаажуулж хамгаалах, эрх мэдлийг зааглан хуваарилах үзэл санаа хэрхэн тусгагдсан байдаг вэ?
Энэ үзэл санааг шингээгүй бол үүнийг Үндсэн хууль гэж нэрлэсэн ч, энэ нь өөрөө Үндсэн хууль биш гэсэн утгатай үг бий. Орчин үед Үндсэн хуулийн тухай ярихаар энэ хоёр зарчим яригддаг. Үндсэн хууль нь иргэнийхээ эрхийг баталгаажуулж, хамгаалж чадаж байна уу. Үндсэн гол зорилго нь хүний эрхийн төлөө чиглэж байна уу, үгүй юу гэдэг хэмжүүр юм. Хоёр дахь нь иргэний эрхийг баталгаажуулж,хамгаалах хамгийн том зарчмын шинжтэй үйл хэрэг бол ерөөсөө л засаглалын төрийн эрх мэдлийг зааглаж, хуваарилах юм. Хэдий чинээ төрд буй эрх мэдлийг задлана, төдий чинээ иргэний эрхэд аюулгүй болно гэдэг л зарчим байгаа.
Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль ч гэсэн энэ хоёр агуулгыг илэрхийлдэг. Энэхүү Үндсэн хуулийн хүний эрхийн цэсэд орсон иргэний үндсэн эрх, эрх чөлөө буюу иргэнд зайлшгүй эдлүүлэхээр бичсэн бичвэр бол боломжийн бичвэр. Үндсэн хуульт бүхий бусад улс орнуудын дунджаас дээгүүр үнэлэгдэхээс биш, дунджаас доогуур орохгүй хэмжээнд иргэний эрхийг бичсэн. Эрх мэдлийг задлах буюу хуваарилах зарчим дээр Үндсэн хуульд байдаг зарим хамгийн чухал хэсэг нь орхигдсон ч гэсэн, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж хуваарилсан харилцан хяналт, тэнцлийн зарчим ажиллах утга санаа бүхий хангалттай заалтуудтай.
Эрх мэдлийг задлах, хуваарилахын хамгийн гол агуулга нь хэн нэг албан тушаалтан, ямар нэгэн төрийн байгууллага, хэн нэгэн бүлэгт бусдад хүч, албадлага хэрэглэж, эрхийг нь хязгаарлаж засагладаг энэ эрх мэдлийг дангаар нь өгөхгүйн тулд, яаж задалж болох вэ гэдэг асуудал. Тухайлбал аль болох олон оролцогчтой, харилцан хяналт тавьж болдог байх. Түүнчлэн хэн нэгний буруу үйлдлийг нь зогсоох чадалтай, зөв зүйлийг дэмжиж, хамтарч ажиллах боломжтой энэ эрх мэдлийн тухай ярьж байгаа юм. Энэхүү хоёр зарчмыг бид 1992-ын Үндсэн хуулийн гол агуулга гэж боддог.
Үндсэн хуулийн дагуу бүрдэж буй хуулийн тогтолцооны туйлын зорилго нь иргэний эрхийг хамгаалах, эрх мэдлийг задлах юм байна. Үүнийг бодитоор хэрэгжүүлэх ямар боломж байна вэ?
Нэгт, Монгол Улсын хууль зүйн салбарт болон тодорхой бүлэг, байгууллагын дарга нар, улс төрийн нөлөөний хүрээнд буй эрх мэдлийг яаж задлах вэ гэдэг асуудал яригдана. Энэ бол эхний ажил. Хоёрт, эрх мэдэл харилцан хяналттай байхаасаа гадна нийгмийн хяналтад орж ирэх ёстой. Задалсан ч гэсэн хяналтад ороогүй эрх мэдэл бол аюултай. Хаа нэг газар очоод бөөгнөрчихдөг, буруу ашиглагдаж эхэлдэг. Гуравт,процессжуулах. Хэзээ, хаана, ямар нөхцөлд, ямар дэс дараатайгаар, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг эрх мэдлийг хэрэгжүүлэх тэр процессыг нь бүхэлд нь хуульчилж өгөх ёстой.
Манай улсад энэ процессын шинжлэх ухаан, процессын сэтгэхүй тал дээрээ маш сул ажилладаг. Социализмын үеэс л зорилго нь зөв бол, арга нь ямар ч байсан хамаагүй гэдэг ийм зарчмаар ажиллаад сурчихсан хүмүүс. Би чиний төлөө, чамд хэрэгтэй юм хийх гэж байна. Үүний төлөө чамайг зодож байсан ч яах вэ гэдэг зөвтгөлтэй байдаг. Жишээ нь хүүхдэд ном заахдаа ч гэсэн хүчирхийлэл хэрэглэдэг. Яг үүнтэй адил засаглал бүхий төрийн байгууллага үйл ажиллагаа явуулахдаа ч гэсэн ийм үйлдэл гаргадаг. Бид ажлыг ямар процедураар хийх юм бэ гэдгийг ерөөсөө ярилцдаггүй. Зүгээр л үр дүн нэхдэг. Яаж, ийгээд үүнийг хий гэдэг. Хэрвээ Эрх мэдлийг задлах, Хяналтад оруулах, Процессжуулах гэсэн энэ гурван чухал зүйлийг 2024-2028 онд Хууль зүйн салбарт хийж чадвал, энэ ажлын үр дүнд нөгөө иргэний эрхийг хамгаалдаг, хүнд ээлтэй хуулийн тогтолцоо бүрдэх боломжтой.
Үүнийг хийж, хэрэгжүүлэхэд хуулийн тогтолцоонд ямар өөрчлөлт хэрэгтэй вэ?
Үүнийг хийхийн тулд ядаж хуулийн салбарт эрх мэдлийг задлах байдлаар дараах дөрвөн байгууллагыг байгуулах хэрэгтэй. Эхнийх нь бид бүгдийн сайн мэдэх Тахарын алба. Хуучин гэрч, хохирогчийг хамгаалж, шүүхийн аюулгүй байдлыг хангаж, шүүн таслах үйл ажиллагааны нөхцөлийг хэрэгжүүлдэг байсан. Одоо энэ эрх мэдэл цагдаагийн байгууллагын хавсарга байдлаар хэрэгждэг. Үүнийг задлах юм бол цагдаагийн байгууллага дайвар чиг үүргээсээ сална. Нөгөөтээгүүр энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага мэргэшихээсээ гадна, эрх мэдлийн баланс буюу хяналт ажиллах боломжтой болно. Нэр нь ямар байх нь чухал биш, Маршалын алба эсвэл Шүүхийн цагдаа ч гэж хэлж болно.
Хоёр дахь нь Үндэсний гвард байгуулах. Дотоодын цэргийн зохион байгуулалтыг өөрчлөх байдлаар, иргэний зохион байгуулалттай, хууль сахиулах ажиллагаа явуулах ёстой. Цагдаагийн байгууллага дотор цэрэг гэдэг бүрэлдэхүүн байхаар цагдаа генералаар удирдуулдаг, цэрэгжсэн систем бий болдог. Цэрэг бол дайсантай байлдахад зориулагдсан тогтолцоо. Гэтэл дайснаа устгахад зориулагдсан системээр иргэнтэйгээ харьцдаг төрийн хандлага нь дарангуйлагч, хүчирхийлэгч төрийг бий болгодог. Үүнээс салахын тулд дотор байгаа бүтцүүдийг салгаж, зааглаж, оновчлох шаардлагатай байгаа. Үндэсний гавардын талаар яагаад яриад байна вэ гэхээр нөгөө хүнээ хамгаалах байгууллагатай холбоотой. Ийм нэр, томьёо хэрэглэж байгаа нь хүртэл учиртай. Нийгмийн дэг журмыг хамгаалах уу, эсвэл нийтийн дэг журмыг хамгаалах уу. Нийгмийн аюулгүй байдлыг хангах уу, эс бөгөөс олон нийтийн аюулгүй байдлыг хангах уу гэдэг нь чухал юм. Энэ нь хүнээсээ тасраад өөр нэг тогтолцоо хамгаалдаг системийн тухай. Эсвэл хүн төвтэй, хүнийг хамгаалдаг системийн тухай яриа байхгүй юу. Үндэсний гавард ямар ажил хийх вэ.
Энэ талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.1.16-д иргэдийг гамшиг, эрсдэлээс хамгаалахад чадавхжуулах гэж тодорхой тусгаж өгсөн. Хуучин социализмын үед үүнийг дайнч байдлаар хийдэг байсан. Гамшиг, аюулаас сэргийлэх сургалт, авран хамгаалах, зохион байгуулалтыг дэмжин ажиллах болон орон нутгийн хамгаалалт, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ийм байгууллага байгуулах ёстой юм байна. Энэ байгууллага байгуулагдсанаар иргэд найз нөхдөөрөө, байгууллагаараа, хэсэг бүлгээрээ 14 хоногийн сургалтад суудаг. Ингэснээр цэргийн эрдэм сурахаасаа гадна ядаж эхний ээлжид хэн нэгэнд эрүүл мэнд, эмнэлгийн анхан шатын тусламж үзүүлэх чадвартай болдог. Гэтэл манай улсад ийм сургалт хийдэггүй учраас бага насны хүүхэд цэцэрлэгтээ хахахад үүнийг гаргаж чадахгүй, амь насыг нь алдчихаж байна.
УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин
Одоо бид цэрэг болж тоглодог биш, монгол хүний аюулгүй байдлыг хангаж, эрсдэлийг нь багасгах ур чадвартай иргэдийг нэмэгдүүлэх шаардлагатай.
Гэнэт газар хөдлөх, гал гарах эрсдэл үүсэхэд бусдадаа туслаж, эрсдэлээс хамгаалах мэдлэг, чадвартай иргэд манайд хэр их байгаа бол. Тэгвэл яг энэ асуудалд хүнээ боддог, хүнд зориулсан нийгэмтэй улс орнууд анхаардаг юм. Манай улс хүн амынхаа ядаж 25 хувийг ийм сургалтын тогтолцоонд хамруулж чаддаг болох ёстой. Манайх шиг цөөн хүн амтай улсад ийм чадавх маш чухал. Энэ нь улс орны тусгаар тогтнолоосоо гадна иргэдийн амьд үлдэх чадвартай холбоотой чухал асуудал.
Дараа нь Мөрдөх болон Ял эдлүүлэх алба байгуулах. Улс дамнасан зохион байгуулалттай хийгддэг тодорхой төрлийн гэмт хэргүүдийг цагдаагийн одоо байгаа аргаар илрүүлэх буюу тэр гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч боломж байхгүй. Иймд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага байгуулахаас өөр арга алга. Манайх шиг монопол төвлөрсөн ШШГБ дэлхийд байхгүй шүү. Зөвхөн энэ дөрвөн байгууллагыг задалж, шинээр байгуулахад л цаана нь үлдэж байгаа маш олон байгууллага хяналт, чиг үүрэг нь оновчлогдсон, иргэний зохион байгуулалтад орно. Эрх мэдлийг хэдий чинээ задална, төдий чинээ эрх мэдэл иргэдэд аюулгүй байна. Энэ талаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Үүнийгээ хийж, хэрэгжүүлэх ёстой.
Үүний дараа мэдээж засаглал болон олон нийтийн хяналтын систем сайн ажиллаж байж үр дүн гарах байх аа?
Шүүх, парламент, Засгийн газар, олон нийтийн гэсэн дөрвөн хяналт бий. Шүүхийн хяналттай холбоотой манай улсад нэг том алдаа завхрал байдаг. Прокурорын систем социалист улсын тогтолцоотой. Хуулийн засаглал тогтдог улс орнуудад прокурор, өмгөөлөгч хоёр маргахад маргаан нь шүүх рүү явдаг. Харин манай улсад маргаан нь дээд шатны прокуророор явдаг. Энэ нь шүүхийн хяналтад байхгүй байна гэсэн үг. Хэрвээ шүүхийн хяналтад үнэхээр хувь хүний эрх, эрх чөлөөний хэсгийг оруулъя л гэж бодож байгаа бол шууд шүүх рүү хандах ёстой. Энэ тогтолцоог хийж чадвал сая шүүхийн хяналт бодит болно. Парламентын хяналт, Монгол Улс хууль сахиулах гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх үйл ажиллагааны тусгай хяналтын туршлага огт байхгүй.
Улсын Их Хурлын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороон дээр Тусгай хяналтын дэд дэд хороо бий. Энэ дэд хороо хүний эрх, хуулийн засаглалтай холбоотой хяналтыг хэрэгжүүлж чадахгүй байгаа. Зөвхөн гүйцэтгэх ажлын төсвийг л хэлэлцэх хэмжээнд оччихсон. Одоо Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны Тусгай хяналтын дэд хороог хоёр хуваах шаардлагатай. Хууль зүйн байнгын хороон дээр Тусгай хяналтын дэд хороог байгуулаад. Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дэд хороо нь тагнуул, армиа авч үлддэг. Харин гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагууд нь ХЗБХ-ны Тусгай хяналтын дэд хороонд хянагддаг байх. Ингэж байж хүний эрхийн зөрчил, хуулийн байгууллагуудын хүчирхийллийг парламентын хяналтад оруулж чадна. Өнөөдөр парламент үүнийгээ хянаж чадахгүй байгаа нь ардчилсан улс биш байна гэсэн үг.
Хэрвээ шүүх, парламентын хяналтыг сайжруулчихвал үүн дотор Засгийн газрын дотоод хяналт гарч ирнэ. Хууль засагладаг улс орнуудын хамгийн сайн туршлага бол Засгийн газрын дотоод хяналтад Хууль зүйн сайд, Ерөнхий прокурорын нэг нь байдаг. Үүнийг хийхийн тулд дотоод хэргийн болон хууль зүйн чиг үүргийг салгах ёстой. Хууль засагладаг улс орнуудад Дотоод хэргийн яамаа хянахын тулд Хууль зүйн яам нь байгаа. Дөрөвт, олон нийтийн хяналт.
УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин
Үүнд гурван зүйл орно. Нэг, хариуцлагатай мэргэжлийн сэтгүүл зүй буюу худалдагдаагүй сэтгүүл зүй. Хоёр,хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Гурав, иргэний нийгмийн дуу хоолой. Энэ гурав эрүүл байвал олон нийтийн хяналт ажиллана, эрүүл биш бол олон нийтийн хяналт ажиллахгүй.Олон нийтийн хяналт ажиллаж чадахгүй бол парламентын хяналт ажиллахгүй, парламентын хяналт ажиллахгүй бол шүүхийн систем, Засгийн газрын дотоод хяналт угаасаа ажиллахгүй. Бие биеэсээ хамааралтай сонгинын хальс шиг энэ системийг сайжруулахгүй бол засаглалын энэ процесс, хүний төлөө байж чадахгүй.
Та хууль зүйн салбарын нэг том өөрчлөлт нь процессжуулах гэж дээр дурдсан. Энэ талаар ?
Процессжуулах. Энэ нь хамгийн төвөгтэй их хууль хийх ажилтай, арга барилыг бүхэлд нь өөрчлөх ийм тогтолцоо. Процессжуулахын тулд манайд хамгийн багадаа 9 ийм процессууд ярьдаг.
- Хууль сахиулах ажиллагааны тухай
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай
- Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай
- Нотлох баримт, шүүх шинжилгээ, шүүхийн шинжээчийн үйл ажиллагааны тухай
- Гэрч хохирогчийг хамгаалах ажиллагааны тухай
- Хохирол барагдуулах ажиллагааны тухай
- Ял эдлүүлэх ажиллагааны тухай
- Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай
- Тагнуулын үйл ажиллагааны тухай