Дэлхийн хүүхдийн өдрийн мэнд хүргэе
2024.11.20

Дэлхийн хүүхдийн өдрийн мэнд хүргэе

1989 оны арванэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлаар Хүүхдийн эрхийн конвенцийг дэлхийн улс орнууд баталсан бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу 2017 оноос эхлэн энэ өдрийг ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР болгон тэмдэглэж байна.

Монгол Улс хүүхдийг эсэн мэнд амьдрах , хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох үндсэн 4 эрх, хүүхдийн тэргүүн дээд эрх ашгийг бүхий л асуудалд чухлаар авч үздэг байх Хүүхдийн эрхийн конвенцийг хүлээн зөвшөөрч, үүрэг хүлээсэн эхний арваад орны 1 болж, 1990 онд нэгдсэн.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хүүхдийн эрхийг хангах чиглэлд анхаарч ажилласнаар ахиц, дэвшлүүд гарч байна. 2023 онд Боловсролын багц хууль, 2024 онд ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ шинэчлэн баталж, хүүхдийн сурч боловсрох, хамгаалуулах үндсэн эрхийг хангах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгоод байна.

Манай улсын нийт хүн амын 37.1 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн зорилго нь "хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад оршино."

ХҮҮХДИЙН ДЭЭД ЭРХ, АШГИЙГ ХҮНДЭТГЭЖ, САЙН САЙХАН БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ БҮХ НИЙТИЙН ОРОЛЦОО, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХЯНАЛТ ДЭЭР СУУРИЛНА.

Манай улсад 6-17 насны хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний хүртээмж хангалгүй, энэ насны нийт хүүхдийн 20 орчим хувь нь хөгжлийн үйлчилгээнд хамрагдаж байна. Цаашдаа хүүхдийн хөгжих эрхийг хангах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлнэ.