Сангийн яам 2025 оны төсвийн зардлыг бууруулах хувилбарыг боловсруулж байна
2024.11.15

Сангийн яам 2025 оны төсвийн зардлыг бууруулах хувилбарыг боловсруулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.11.14/ Сангийн яаманд ажиллаж, яамныханд талархал илэрхийлж амжилт хүслээ. 

Энэ үеэр төсвийн бодлого болон өмнөх жилүүдийн төсвийн орлого, ДНБ-ий өсөлт, өр зээлийн хэмжээ хэрхэн буурч байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. 

Тэрбээр хэлэхдээ “2005-2021 он буюу 16 жилийн хугацаанд төсвийн орлого 99.9 их наяд төгрөг байсан бол сүүлийн гурван жилд 110.4 их наяд төгрөгт хүрч өссөн. Экспорт 2005-2021 онд 78.4 тэрбум ам.доллар байсан бол 2022-2025 онд 63.3 тэрбум ам.долларт хүрэх боломж бүрдсэн” болохыг онцолсон юм.

Нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 ам.доллар байсан бол 2025 онд хоёр дахин өсөж 8,000 ам.долларт хүрэх төлөвтэй байгааг тус яамны зүгээс тодотгов. 

Үргэлжлүүлэн тэрбээр “Сүүлийн жилүүдэд өрийн удирдлагыг оновчтой зохион байгуулж, гадаад өр төлбөрийн хэмжээг тогтмол бууруулж ажилласан. Түүнчлэн манай улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа ОУ-ын зээлжих зэрэглэл тогтоогч  “Fitch” агентлаг  “В+тогтвортой”,  "S&P” агентлаг “В+эерэг”, гэж үнэлснээ дараалан зарласан нь бидний ажлын хамгийн том үр дүнгийн нэг байсныг дурдах нь зүйтэй. Зээлжих зэрэглэл ингэж дээшлэхэд өрийн дарамтаа бууруулсан, санхүү, төсвийн сахилга батыг сайжруулсан, валютын нөөцөө тогтмол нэмэгдүүлж улмаар улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадсан нь голлон нөлөөлсөн” хэмээв.

Ташрамд дурдахад Сангийн яам 2025 оны төсвийн зардлыг бууруулах хувилбарыг боловсруулж байгаагаа танилцуулав.