2024.09.03

Р.Эрдэнэбүрэн: Иргэд зөвшөөрч дугаарын хязгаарлалт хийвэл энэ жил сүүлийнх нь

Улаанбаатар хотын захын дүүрэгт амьдарч байгаа иргэн төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь Монгол Улсын Ерөнхий сайдын томьёолсон “Хорин минутын хот” юм. Хотын иргэн хаана оршин суухаас үл хамааран гэрээсээ гараад 20 минутын дотор өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, нийгмийн болоод төрийн суурь үйлчилгээг төвөггүй авах боломжтой “хот төлөвлөлт” гэж энгийнээр ойлгож болно. “20 минутын хот” эрхзүйн цогц реформ хэрэгжсэнээр нийслэлд тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ гэж харж байгаа.

Түүнчлэн хамтарсан Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн “20 минутын хот” Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаа. Түгжрэлийг бууруулах Үндэсний хороо “20 минутын хот” Үндэсний хороо болж нэрээ өөрчилж, улмаар анхдугаар хуралдаанаа 2024,08,02-нд зохион байгууллаа. Хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил арга хэмжээг төлөвлөж зөвлөмжийг гаргаж, хотын даргад чиглэл өглөө.

  • Тодруулбал энэ долоо хоногт Ulaanbaatar.mn сайтаар иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжиж байгаа эсэхээр санал авна. Хэрвээ иргэд зөвшөөрсөн тохиолдолд ойрын хугацаанд дугаарын хязгаарлалтыг яаралтай эхлүүлэх.
  • Цаашдаа төрийн байгууллага яамдууд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг нэгдсэн автобусаар үйлчилдэг тогтолцоо руу шилжүүлэх.
  • Сурон, дугуй, скүүтерээр зорчиход нас зааж, үнэмлэхжүүлэх, энэ ажилд ирэх оноос төсөв мөнгө тусгаж өгөх зэрэг чиглэл өгсөн юм.

Дээрх ажлын эхлэл болгож нийслэлийн Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан албан хаагчдад үйлчлэх ажилчдын автобусыг хүлээлгэн өглөө. Өглөө, оройгүй түгжрэлд бухимдсан нийслэлийн иргэд “20 минутын хот” Үндэсний хороог шийдэлтэй, зоригтой шийдвэр гаргаж, санаачилгатай ажиллах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Р.Эрдэнэбүрэн сайдын хувьд дугаарын хязгаарлалтын талаар "Энэ бол шинэ зүйл биш. Хэрэв энэ жил дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүллээ гэхэд дараа жилээс өөр арга хэмжээг авах шаардлагатай. Дугаарын хязгаарлалт хийвэл энэ жил сүүлийн удаа байх болно” гэдгийг хэлж байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn