2024.05.24

ТҮГЖРЭЛИЙН ТҮГЖЭЭГ ТАЙЛАХ “ИННОВАЦЛАГ” ШИЙДЭЛ…

Нийслэлийн авто замын “түгжрэл” нь иргэдийн уур уцаар, олны хараалыг барсан ярихаас ч залхмаар зүйл болсон. Заримдаа хотын автозам “зам биш зогсоол” болчихдог нь яалт ч үгүй үнэн. Нэгэнт дэлхийн томоохон хотуудтай дүйцэх зовлонтой болсон бид, түгжрэлээс ангижрах тухай асуудалд сүүлийн 30 жил хариултгүй явсаар ирсэн нь нууц биш.

Замын түгжрэлийг шийдэж, хот төлөвлөлтийг оновчтой хийх нь дэлхийн томоохон хотын удирдлагуудын шүдний өвчин болсон гэхэд буруудахгүй. Иймд дэлхий нийтээр түгжрэлийг шийдвэрлэх ухаалаг гарц, шийдлүүдийг эрэлхийлсээр. Үүний тод жишээг "Jet Sharing Mongolia" ХХК компани харуулсан болов уу.

"Jet Sharing" нь есөн орны 30 хотод үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улс ес дэх улс, Улаанбаатар хот 29 дэх хот нь болсон.

Тодруулбал, Казахстан улсад зохион байгуулагдсан "Дижитал Алматы-2023" ОУ-ын форумд оролцох үеэр түрээсийн скүүтерийн бизнес эрхэлдэг залуучуудтай танилцсанаар бизнесийнхээ санааг олсон. Ингээд шууд л "Jet Sharing"-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, скүүтер түрээсийн үйлчилгээг эх орондоо нутагшуулах ажилдаа ханцуй шамлан орсон юм. 2023 оны зургаадугаар сарын 2-нд буюу автомашингүй өдрийг тохиолдуулан компанийнхаа үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байлаа. Скүүтер түрээс нь түгжрэлийг бууруулж, автомашинаас татгалзан, эко хэрэглээг дэмжсэн Дэлхийн томоохон хотуудын жишиг үйлчилгээ. Мөн их хотын соёлч иргэдэд чиглэсэн, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний нэгээхэн хэсэг юм. Скүүтер нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй ажилладаг учир 4-11 сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой. Нэг үгээр хэлбэл, дулааны улиралд авто замын түгжрэлийн эсрэг хамгийн “зөв” шийдэл юм.

Энэ жил амортизатортай 3,000 скүүтер шинээр худалдан авч, одоогийн байдлаар нийтдээ 6,000 скүүтер иргэдэд үйлчилж байна. Амортизатортай скүүтер үнэтэй ч Улаанбаатар хотын замд хамгийн тохиромжтой гэдгийг ойлгосон. Хот дугуйн замгүйн дээр, явган хүний зам нь стандарт бус тоосгоор хийгдсэн болхоор скүүтер, дугуй, роликоор зорчиход доргилтоос үүдсэн эвдрэл, гэмтэл ихээр гардаг. Иймд зам талбайг стандартын дагуу барьж, байгуулах нь нэн чухал. Түүнчлэн шинэ скүүтерүүд зөөврийн батарейтай, аппликэйшн монгол тохиргоотой болсон гэхчлэн онцлох зүйлс цөөнгүй бий.

ЦАХИЛГААН СКҮҮТЕР АШИГЛАСНААР 60,000 ЛИТР ШАТАХУУН АГААРТ ОРУУЛААГҮЙ ГЭСЭН ТООЦООЛОЛ ГАРСАН.

Миний хувьд бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Хувийн хэвшил болон харилцаа холбооны салбарт 16 жил ажиллаж байна. Одоо "Жимобайл" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Скүүтерийн бизнесийг эхлүүлэхэд эцэг эх, гэр бүл, найз нөхөд гэхчлэн эргэн тойрны бүхий л хүмүүс эсэргүүцсэн ч бизнесийн салбарт туршлага хуримтлуулсан байдал, эрсдэл хүлээх сэтгэл зүй байсан учир “зориг” гарган ийн эхлүүлсэн. Эхлүүлж чадсан нь л хамгийн “том алхам” байж ээ хэмээн хардаг. Залуу хүнийхээ хувьд нийгэмд оролцоотой байхыг эрмэлздэг. Энэ ч үүднээсээ их хотын түгжрэлийг бууруулgхад бага ч атугай хувь нэмэр оруулах нь "Jet Sharing Mongolia" ХХК-ийн алсын хараа. Аливаа бизнест ашиг, орлого чухал ч мөнгөний төлөө улайрах нь бидний хувьд нэн тэргүүний асуудал биш. Мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйлс бий. Заавал над шиг компани байгуулж, бизнест хөл тавь гэсэнгүй. Гагцхүү залуу хүн бүр мэддэг, чаддагаараа нийгэмд оролцоотой байж нэгдэх нь хамгаас чухал. Бидний амьдарч буй орчин нөхцөл, нийгэм таатай бус байгаа ч хэн нэгэнд гомдоллож, бусдыг шүүмжилж суухын оронд өөрөөсөө эхлэхийг уриалж байна.

"Jet Sharing Mongolia" ХХК-д 2023 онд 150 хүн ажиллаж байсан бол, 2024 онд 18-30 насны 300 орчим залуучуудтай Үндэсний хэмжээний компани болов.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан