Монголын тээвэрчид Европын улс орнууд руу тээвэрлэлт хийх боломж бүрдлээ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай монгол улсын засгийн газар, холбооны бүгд найрамдах герман улсын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 226 сая ам.долларт хүрсэн.
Өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн төрийн айлчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулити нар дээрх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Энэхүү хэлэлцээр нь Европын улсууд болон бусад улсуудтай байгуулсан хэлэлцээрүүдтэй харьцуулахад мэдээллийг хамгаалах, хэлэлцээрийг НҮБ-д бүртгүүлэх, Европын холбооны болон олон улсын хэмжээнд мөрдөгддөг эрх зүйн бичиг баримтуудыг тусган оруулсан зэрэг онцлог давуу талтай болсон.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар:
- Монголын тээвэрчид Европын улс орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх, Европын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болоод байна.
- Хоёр улсын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.
- Мөн хоёр улсын хооронд гадаад худалдаа өргөжнө.
- Түүнчлэн Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх юм байна.
- Уг хэлэлцээрээр шинээр худалдан авсан тээврийн хэрэгслийн анхны ачаагүй аялал нь зөвшөөрлийн шаардлагаас чөлөөлөгдөхөөр заагдсан байна. Энэ нь Европын орнуудаас тээврийн хэрэгслийг худалдан авахад тээвэрлэлтийн зардал, хил, гаалийн хүндрэл, саатал буурч, цаг хугацаа, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой болно.
- Ташрамд дурдахад, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна.
- Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа энэ хугацаанд амжилттай хөгжиж, иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүрсэн бөгөөд энэхүү ололтыг бататган, харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө хоёр тал хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.
- Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 226 сая ам.долларт хүрсэн.
- Германаас Монгол руу чиглэсэн импортын барааны ихэнх хувийг хүнсний бүтээгдэхүүн (19,3%), химийн бодис, бүтээгдэхүүн (17,0%), машин, тоног төхөөрөмж (13,6%) автомашин, түүний эд анги (12,3%) эзэлж байна. Монголоос Герман руу ихэнхдээ малын гаралтай түүхий эд (52,1%), хувцас, оёмол эдлэл (39,0%) экспортолж байгаа болно.