Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг УИХ-д өргөн барилаа
2024.04.12

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5-д заасан чиг үүргийн дагуу Комисс тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг.

Комиссоос өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-аар хэлэлцэж, тодорхой шийдвэр бүхий УИХ-ын тогтоолыг баталж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт даалгадаг.

Энэ хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барилаа.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид энэ удаагийн илтгэлийг Комиссоос 2023 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, Комисст ирсэн гомдол, мэдээлэл болон Комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, мөн төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл, бусад эх сурвалжид үндэслэн

- Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн зарим асуудал,

- Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал,

- Хүүхдийн эрхийн зарим асуудал,

- Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал,

- Иргэний болон байгаль орчны чиглэлээр хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт,

- Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх,

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны асуудал гэсэн 7 сэдвийн хүрээнд боловсруулсан бөгөөд холбогдох шийдвэр гаргуулахаар 54 саналын хамт УИХ-д хүргүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулав