Хоёр улсын хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх түүхэн айлчлал болж байна
2024.03.18

Хоёр улсын хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх түүхэн айлчлал болж байна

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажактай өнөөдөр /2024.03.16/ уулзалт хийлээ.
Тэрээр БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын энэхүү айлчлал нь энэ онд хоёр улсын хооронд хэрэгжиж буй эхний албан ёсны айлчлал хэмээн тэмдэглээд, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

  • Мөн өнгөрсөн онд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн жил болж өнгөрсөн ба Монгол Улсын Ерөнхийлөгч 18 жилийн дараа Лаос Улсад төрийн айлчлал хийж, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга 11 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Эдгээр айлчлал нь хоёр улсын харилцааны түүхэн шинэ хуудсыг нээж, бидний өвөг дээдсийн тогтоосон ахан дүүсийн найрсаг харилцааг улам бүр бататгасан хэмээн онцлов.
  • Манай хоёр улс Парламентын бүлэг, Засгийн газар хоорондын комисс, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг хамтын ажиллагааны болон яриа хэлэлцээний олон механизмтай. Цаашид энэхүү механизмуудаа ашиглан харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэхийн төлөө байна гэлээ.

  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Сүнтон Сайяажак Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн итгэж байна гэлээ.
  • Монгол, Лаосын харилцааны чухал механизм болох Засгийн газар хоорондын комиссын XII хуралдааныг 2024 онд Вьентьян хотноо зохион байгуулна хэмээгээд, энэхүү хуралдаан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна хэмээсэн.

  • Энэхүү уулзалтын хүрээнд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейгаас Монгол Улсын Их Хуралд бэлэглэх хатуу улаан модон тавилгыг хүлээлгэн өгөх-хүлээн авах протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
  • Уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвпасөд, Үндэсний Ассамблейн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дэд дарга, Лаос-Монголын парламентын бүлгийн дэд дарга Сисүнтон С.Пабмисай, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан нар оролцлоо.