УИХ гишүүн Д.Цогтбаатар ОУПХ-ноос зохион байгуулсан цахим уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлэв
2024.03.06

УИХ гишүүн Д.Цогтбаатар ОУПХ-ноос зохион байгуулсан цахим уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлэв

Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ноос “Улс төр дэх жендэрийн тэгш байдлыг хангах” төслийн хүрээнд “Тэгш анхаарахыг дэмжих нь” сэдэвт цахим уулзалтыг зохион байгуулав.

Тус уулзалтаар эрх тэгш байдлыг хангахад анхаарах асуудал, өмгөөллийн зөвлөгөө болон бодлого боловсруулагчдын сайн туршлагыг харилцан солилцохоор Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Жибути, Эквадор, Индонез, Монгол, Намиби, Нигери, Сьерра-Леон, Бүгд Найрамдах Танзани Улсын эрэгтэй парламентчдын төлөөлөл оролцлоо.

Энэхүү арга хэмжээ нь Жендэрийн мэдрэмжтэй парламентын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаж, ОУПХ-ны 145 дугаар Ассамблейгаас баталсан Кигали Тунхаглалын хүрээнд зохион байгуулагдсан ба Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төлөөлж, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэхэд нэн тэргүүнд шударга ёсны мэдрэмж, түүнийг мөрдөж ажиллах чин эрмэлзэл, суурь боловсрол хэрэгтэй болохыг онцлов. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал хүний эрхийн өөрийн үнэлгээ, мөн жендэрийн мэдрэмжтэй байдлын үнэлгээг ОУПХ, үндэсний мэргэшсэн экспертүүдтэй хамтран хийж буй талаар дурдсан юм