Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын засвар хийгдэнэ
Япон Улсын ард түмэн, Засгийн газраас олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг бол 1990 оноос өдийг хүртэл 34 жилийн турш хэрэгжиж байгаа “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн засварын ажил хийгдэх бөгөөд буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав нар гарын үсэг зурлаа.
Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжүүлж буй 598 дахь, Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй 30 дахь төсөл арга хэмжээ болж байна. Хөвсгөл аймагт 1996 оноос хойш 28 жилийн хугацаанд 2,5 сая гаруй долларын төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга 1971 онд ашиглалтад орсон, 355 ортой, хэвтэн эмчлүүлэх, параклиник, дэмжих үйлчилгээний 18 тасаг нэгжтэй, 419 эмч, ажилчидтайгаар Хөвсгөл аймгийн 140 гаруй мянган иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл ахуйн орчин нөхцөл сайжирч, иргэд эрүүл аюулгүй орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх юм. Монгол орны ирээдүй болсон хүүхэд, багачуудын маань сурч, боловсрох орчин, нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд ямагт дэмжин тусалдаг Япон Улсын ард түмэн болон Засгийн газар, элчин сайд Игавахара Масарү Танд хувиасаа болон нийт Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12