Ерөнхий сайд E-Mongolia-гийн хамт олонтой өглөөний уулзалт хийлээ
2023.11.13

Ерөнхий сайд E-Mongolia-гийн хамт олонтой өглөөний уулзалт хийлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийлээ. Тэрээр тус системийг бүтээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олонд талархал илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, 36.5 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн байна. Мөн энэ оны тавдугаар сард “E-Mongolia 3.0” систем нээлтээ хийснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломж бүрдэж, ААН-үүдийн бүртгэл хялбар, шуурхай болж, нотариатын үйлчилгээ нэмэгдсэн юм.

Ерөнхий сайдын "E-Mongolia 4.0” системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов. Нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудал дээр томоохон реформ хийхийг иргэд хүсэж байна. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах хэрэгтэй гэв.

Мөн Монгол Улсын нэгдсэн веб, төлбөрийн систем, хиймэл оюун ухааныг E-Mongolia 4.0-д ашиглах зэрэг санал дэвшүүллээ.

И Монгол Академийн захирал Б.Мягмарнаран төрийн үйлчилгээний нэгдсэн системийн өнгөрсөн хугацаан дахь ололт амжилт болоод Е-Mongolia 4.0 системийн танилцуулгыг хийлээ. Тэрээр "Бид E-Mongolia-гаас гадна ХУР, ДАН, erp emongolia, lavlagaa.mn e-cabinet, docx.gov.mn, тоон гарын үсгийн систем, business, мэдэгдэл хүргэх систем, opendata.gov.mn, sudalgaa.mn төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хамтран ажиллах зарчим баримталдаг. Тухайлбал, ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж буй 462 байгууллагын 329 нь хувийн хэвшлийнх байна.

2019 оноос хойш E-Mongolia системээр 36.5 сая удаагийн үйлчилгээ хүргэсэн бөгөөд сар болгон 1.3 сая цаас хэмнэж байна.

Цаашид бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх үндэсний аян эхлүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувь байна.

E-Mongolia 4.0 системийн хүрээнд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч орон нутгийн төрийн үйлчилгээг цахимжуулах, хувийн хэвшлийн нэмэлт боломж бий болгох, төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Үүнд төрийн байгууллагууд цахим үйлчилгээг санал болгох, хэрэглээнд нэвтрүүлэх, ХЗДХЯ-ын хамтын ажиллагаа, ТАЗ-ийн сангийн мэдээлэл хязгаарлагдмал, Засгийн газрын тогтоол шийдвэр дээр ЦХХХЯ-наас зөвлөмж авах зэргээр салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Мөн E- Mongoliа-гийн хамт олны ажиллах орчныг сайжруулах, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмждэг үзүүлэхийг хүсье" гэлээ.

ЦХХХ-ны сайдын зөвлөх С.Тэнгис "Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахад тулгарч байгаа бэрхшээлийн нэг нь холбогдох хуульд "бичгээр хариу өгнө, бичгээр цохно..." гэсэн заалт. Мөн Албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд цахим болон цаасан мэдээлэлд зөрүү үүссэн тохиолдолд цаас нь хүчинтэй гээд заачихсан. Ингэхээр мэйлээр ирсэн баримтыг хэвлэдэг. Иймд тус хуульд өөрчлөлт хэрэгтэй. ЦХХХЯ-наас 120 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал оруулсан. Энэ долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор орно" гэв.