Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаар хяналтын сонсгол зохион байгууллаа
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой хяналтын сонсголыг өнөөдөр (2023.10.25 ) зохион байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 20 гишүүнээс “Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах санал гаргах тухай” 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн УИХ-03/7749 дугаар албан бичиг, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан нарын 17 гишүүнээс “Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын үйл ажиллагааны хэрэгжилтийн асуудлаар” сонсгол явуулах хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн УИХ-03/7750 дугаар албан бичгээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандан тус тус хяналтын сонсгол зохион байгуулах тухай хүсэлт хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” 11 дүгээр тогтоолыг баталсан бөгөөд даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэгийг томилсон байдаг.
Хяналтын сонсголд Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс гадна холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллага, иргэд хуулийн этгээдийн төлөөлөл бүхий нийт 106 оролцогч бүртгүүлснээс нийт 85 оролцогч хүрэлцэн ирж оролцов.
Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа хяналтын сонсгол нь олон нийтийн оролцоотой явагддаг хэлэлцүүлэгтэй адилгүй бөгөөд зөвхөн Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасан журмаар явагддаг. Сонсгол даргалагч оролцогчдод нийтийн сонсголын тухай хуульд заасан сонсголын нийтлэг журам болон сонсголд оролцогчдын эрх, үүргийг уншиж танилцуулснаар хяналтын сонсгол эхэллээ. Түүнчлэн Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа өнөөдрийн сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшиндээ нэгдсэн нэг ойлголттой болоход чиглэгдэж байгаагаас гадна сонсголоос гарсан санал, зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо санал дүгнэлт гаргана. Цаашлаад чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, шаардлагатай тохиолдолд тогтоол баталж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зэргээр ажиллах юм хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга, сонсгол даргалагч Ц.Мөнхцэцэг яриандаа онцолсон.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул “Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо, тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд эхний илтгэлийг танилцуулав. Тэрбээр,”Монгол Улсын хувьд Хүүхэд хамгааллын тухай хуулиар Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцооны хууль эрх зүйн хүрээг анх удаа үндэсний, орон нутгийн, анхан шатны түвшинд тогтоож, хүүхэд хамгааллын асуудалд салбар бүрийн оролцоо, чиг үүргийг тодорхой хуульчилж хүүхэд хамгааллын өнөөгийн тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2016 онд батлагдан гарсан дээрх хуулиудаас хойш хүүхэд хамгааллын тогтолцоонд Хүүхдийн тусламжийн утас, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хүүхдийн эрхийн улсын байцаагч зэрэг олон үйлчилгээ үзүүлэгч талууд нэмэгдсэн нь сайшаалтай хэдий ч эдгээр талуудын хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, нэгдмэл байдал хангалтгүй байна” гэв.
Хүний эрхийн Үндэсний комисс 2020-2023 оны байдлаар хүүхдийн эрхтэй холбоотой 388 гомдол, мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэж, 172 удаагийн хяналт шалгалт хийж, Комиссын 8 зөвлөмж, 2 санал, Комиссын гишүүний 21 зөвлөмж, 11 шаардлагыг эрх бүхий байгууллагуудад тус тус хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллажээ. Комисст ирж буй гомдол мэдээллээс харахад Хүүхдийн эрх, тэр дундаа сурч боловсрох, хүүхдийн халдашгүй, чөлөөтэй байх болон аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, мэдээлэл авах зэрэг олон эрх нь зөрчигдсөн гэх асуудлаар Комисст хандах иргэдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа аж. Дараагийн илтгэгч нь Отгонтэнгэр их сургуулийн багш Р.Очирбал байв. Тэрээр “Хүүхдийн эрхийн тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр илтгэл танилцуулсан юм. Илтгэлд дурдсанаар манай улсад хүүхдийн тулгамдсан асуудлын нэгд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт багтаж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа 5 хүүхэд тутмын 3 нь 5-12 насны хүүхэд, мөн 5 хүүхэд тутмын 2 нь аюултай ажил эрхэлдэг. Ийм ажил эрхэлж байгаа хүүхдүүдийн 31,7 хувь нь охид, 68,3 хувь нь хөвгүүд бөгөөд ихэнх нь хөдөө амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн сурч боловсрох, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах эрх ашиглалтын шаардлага хангахгүй,барилга, байгууламжаас эхлээд зөрчигдөж байгаа талаар дурдаж байв.
Түүнчлэн “Монгол Улс дахь Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт” сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан илтгэл танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.5-д зааснаар Улсын Их Хурлын гишүүд сонирхсон асуултдаа хариулт авав. Сонсголд оролцогчид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.4-т заасны дагуу санал, дүгнэлтээ тус бүр 10 минутад багтаан хэлсэн бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.6-д зааснаар Улсын Их Хурлын гишүүд 5 минутад багтаан санал дүгнэлтээ хэлэх дэгийн дагуу Улсын Их Хурлын хяналтын сонсгол үргэлжиллээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлыг хууль эрх зүйн хувьд цогцоор нь авч үзэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, төсөвлөгдсөн хөрөнгийг оновчтой, зөв зүйтэй зарцуулах, хяналт тавих, боловсон хүчний асуудалд анхаарах зэрэг асуудлуудыг оролцогчид хөндөж байв. Хяналтын сонсголын үеэр гарсан саналуудыг нэгтгэн Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай зэрэг хуулиудад тусгах ажлуудыг хийнэ гэж сонсголыг даргалагч, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг сонсголыг хааж хэлсэн үгэндээ онцоллоо.